УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь нь дэмжив.

Ингэснээр Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар томилогдлоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮ-тэй нэр холбогдсон гэх үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр тус яам өнөөг хүртэл сайдгүй байсан юм.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.