Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцаад иржээ.

Тэрээр тогтоолын биелэлтийг шалгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсгийг томилж, зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй, анхаарал татаж байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллуулсан гэв. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна. Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна. Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын  25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70.0 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. 

Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гаргаагүй байна. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Нийслэл, аймгийн төвүүд, төв суурин газрын оршин суугчдын хэрэгцээнд бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалт, уялдаатайгаар зохион байгуулахад анхаарч байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг оновчтой зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой төдийгүй учирч болох байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. 

Олон улсын цаг агаарын судалгааны байгууллагуудын мэдээлэл таамаглал, мал аж ахуйд ихээхэн хохирол учруулсан зудын давтамж 10 жилээр тохиож буй сургамж, хаврын сар эхлэх хугацаа ирэх оны 2 дугаар сарын сүүлээр тохиож буй зэргээс үзэхэд амаргүй сорилттой тулгарч болзошгүй байна.

 Учир иймд мал сүрэгтээ ангилан ялгалт, заазлалт сайн хийх, мал тарга тэвээрэг авсан энэ үед нь түлхүү хэрэгцээлэх, махны нөөц бэлтгэхэд аймаг, орон нутаг онцгой анхаарах нь зүйтэй байгааг Ч.Улаан сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн 2018 оны 06-р сараас хойш өнөөдрийг хүртэл гоц халварт өвчин гараагүй, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аймаг, сум байхгүй тайван байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле хариултдаа, шүлхийн вакциныг 10,5 сая толгой малд хийх шаардлагатай байна. Гэхдээ баруун бүсэд шүлхийн вакцин хийгээгүй бөгөөд зүүн болон говийн аймгуудын малд буюу хилийн захаасаа дотогшоо түрсэн бодлогыг баримталж байна. Нэг дэх тунг бүрэн хийж дуусаад хоёр дахь тунг хийж эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор шүлхий дэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг дурдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.