Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэлийн махны хүрэлцээ хангамж, нөөцийн махны асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Сүүлийн өдрүүдэд, ялангуяа өчигдөр орой Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савалгаа үүссэн асуудал олон түмнийг бухимдууллаа. Энэ асуудлын учир шалтгааныг судалж, шуурхай зохицуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Махны энэ хэрэглээг үндсэн 3 сувгаар хангаж байгаа. 

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэг буюу дэлгүүрээр дамжуулж борлуулж байна.
  2. Хүчит шонхор үахаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байгаа.
  3. Хувийн хэрэглээгээр дамжиж иргэдийн махны хэрэгцээ хангагдаж байгаа.

Эдгээр хангамжийн байдлыг шалтгаан тус бүрээр нь судалж үзлээ. Өнөөдөр улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулж гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтмол байна. Өнгөрсөн 4 дүгээр сарын 15-наас эхлэн улсын нөөцын махыг борлуулж байгаа. Өдөрт 30 орчим мах тогтвортой борлогдож байна. Зах зээлийн дундаж ханшаас 20-25 хувийн хямд үнээр борлуулж буй юм. Цаашид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд өмнө нь нийлүүлэгдэж байснаас 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаад ажилалж байна. Үнийг мөн зах зээлийн ханшаас хамгийн багадаа 20-25 хувь хямд борлуулна. 

Дээрх 127 цэгээр борлуулахаас гадна амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах асуудлыг бид нийслэлийн удирдлагатай хамтран ажиллаж байна. ХХААХҮЯ бол махны үйлдвэрлэл, нөөцлөх хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг хариуцаж байгаа. Яг энэ ажлыг гардан зохион байгуулах, өдөр тутмын байдалд хяналт тавих ажил нийслэлээр дамжин хэрэгжиж байгаа" хэмээн мэдээллээ.