Шинэ коронавирусийн халдвар олон улсад тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг өнгөрсөн сарын 19-нд батлан гаргасан. 

Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.

Тэрээр "Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. 

ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд  оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг банкинд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ. Ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. 

Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм.

Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан  хөнгөлттэй зээлийг авна.

Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, 

Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх  зэрэг үүргийг хүлээнэ" хэмээлээ.

Мөн тэрээр “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. 

Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. 

Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэр банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. 

Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэр өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. 

Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна" гэдгийг нэмж хэллээ.

Мэдээллийн төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.



Эх сурвалж: ХХААХҮЯ