УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар BEPS хөтөлбөртэй холбоотой асуудалд "Гүтгэлгийн хариу-1" гарчигтайгаар өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

"Өмнө нь гүтгэлэг, доромжлолд тэр бүр хариу өгөхөд цаг зав гаргадаггүй, тоодоггүй, тэгсхийгээд өнгөрөөчихдөг байж. Одоо хариуг нь өгнө өө. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг BEPS хөтөлбөрт элсэж орохгүй гэсэн бичгийг намайг явуулсан, үүнээс болж оффшор мөнгө орж ирэхгүй болсон, үүнээс болж Монгол Улс Хар, саарал жагсаалтад орсон гэжээ. Энд үнэн юм нэг ч алга, 100 хувь гүтгэлэг. 

Бодит байдлыг тоймлон хүргэе. 

- Сангийн сайдаар томилогдоод бас миний томилгоон дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсны  дараа BEPS хөтөлбөрт нэгдэх асуудлаар Засгийн газрын тогтоол санаачлан батлуулсан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр BEPS хөтөлбөрт нэгдэх хүсэлт гаргасан юм. Үүний үр дүнд 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр BEPS Монголыг 111 дэх гишүүн орноор элсүүлэн авсан. 

- Монгол Улсыг BEPS хөтөлбөрт нэгдэж орох урилгыг хамгийн анх бөгөөд цорын ганц удаа 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Сангийн сайд н.Болорт ирүүлж байсан юм билээ. Урилга ирсэн цаг хугацааг нь хараад  2016 оны УИХ-ын сонгууль, сонгуулийн дараах үйл явдал энэ тэр гээд анзаараагүй, ач холбогдол өгөөгүй цаг хугацаа алдчихсан юм байна. 

- BEPS нь үндэстэн дамнасан компаниудын татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг нэгдсэн дүрэм журам боловсруулж хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөж, татварын орлогоо хамгаалахад тусалдаг хөтөлбөр юм. Түүнээс биш оффшортой тэмцэх, хууль бус хөрөнгө мөнгө татах асуудалтай хамаагүй юм. Оффшор болон хаа нэгтэй байгаа хүний хөрөнгийг хураах асуудал нь улс орнуудын хууль хүчний байгууллагын хооронд шүүхийн шийдвэртэй хийгддэг ажиллагаа.

- Сангийн сайдын хувиар Европын холбоотой шуурхай хамтран ажиллаж 49 хоногийн дотор буюу 2018 оны нэгдүгээх сарын 23-ны өдөр “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-аас Монгол Улсыг гаргуулж чадсан. Үүнийг ч мөн эх тайлангаас нь үзэж болно. 

- Олон улсын татварын хамгийн сүүлийн үеийн дүрэм журмуудаас манай татварын хуульд тусгах чиглэлээр Сангийн яам BEPS-тэй нягт хамтран ажиллаж, 2018 оны 5 дугаар сард Татварын шинэчлэлийн багц хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингээд BEPS-ийн заалтуудыг тусгасан багц хууль 2020 оноос хэрэгжиж эхлээд байна.

- Татварын зорилгоор дэлхийн 140 гаруй улстай мэдээлэл харилцан солилцох, татварын албад хоорондоо туслалцаа үзүүлэх олон талт конвенцод 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Парис хотноо BEPS-ийн жилийн уулзалтын үеэр гарын үсэг зурж нэгдэн орсон.

- Монгол Улсыг Саарал, хар жагсаалтаас гаргах ажлын хэсгийг нь ахалж, удирдан, зохион байгуулж, богинохон хугацаанд гаргасан. 

Бодит үнэн бол энэ. 

Эцэст нь би Сангийн сайдаар ажиллахдаа татварын ил тод байдлыг хангаж, 140 гаруй улсаас татварын мэдээлэл авах боломжийг нээж, үндэстэн дамнасан компаниудын эсрэг хамгийн сүүлийн үеийн дүрэм журмуудыг нэвтрүүлсэн. Эхнээсээ үр дүн гарч, томоохон зөрчлүүд илэрч, энэ амжилтаараа BEPS-ийг амжилттай хэрэгжүүлж буй улс орны нэгээр нэрлүүлэн сайшаагдаж, өнөөдөр Монгол Улс тус хөтөлбөрийн шийдвэр гаргах түвшинд Удирдах зөвлөлийнх нь гишүүнээр сонгогдон ажиллаж байна" хэмээлээ.


Тэрээр мэдээлэлдээ холбогдох албан бичгүүдийг хавсаргажээ.