Энэ намар болон ирэх өвлийн цаг агаарын байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Энэ намрын цаг агаарын төлөв байдал ямар байна вэ?

-Энэ жил зуны эхээр гантай байсан хожуу бороо хур орж ган тайлагдсан. Орохдоо маш хүчтэй орж эдийн засагт хор хохирол үзүүлсэн тал бий. Гэхдээ үүнийгээ дагаад монгол орны 90 орчим хувь нь бэлчээрийн ургамлын гарц сайжирсан. Нийт нутгийн 10 хүрэхгүй хувь нь гандуу байна. Сарын эхээр бороо хур элбэгшсэн ч сарын дунд үеэс татарсан. 

Тариа ногоо хураах ид ажлын үе учраас хэд хоногийн өмнө хүртэл бороо хур орж хөрсөн дээрээ -1-10 градус болсон нь болц оройтуулах төлөвтэй байна.

Ялангуяа төвийн бүс нутгаар шивэрсэн бороо орсон нь болцыг ногооруулаад байна. Энэ сарын 14-15-нд төвийн болон газар тариалангийн бүс нутгаар анхны цочир хүйтрэл ажиглагдлаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил харьцангуй эрт буюу 7 хоногоор эрт хүйтэрсэн тал ажиглагдаж байна. Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 5-12 градусаар сэрүүссэн.  Энэ цаг агаарын нөхцөл 2009 оны 9 сарын сүүл үетэй нэлээн төстэй байна. Тухайн үед газар тариалангийн бүсэд их хэмжээний нойтон цас унаж, Сэлэнгэд ганц хоногийн дотор 25 мм цас орж ургацынхаа 60 гаруй хувийг алдаж байсан. Гэхдээ яг ингэж давтагдана гэж хэлж байгаа юм биш ерөнхий төлөвийг нь харахад иймэрхүү харагдаж байгаа учраас газар тариалан эрхлэгчдэд цаг агаарын таатай өдрүүдэдээ эрчимтэй ашиглахыг анхааруулж байна. 


-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Өнөө маргаашдаа буюу 17, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст харьцангуй дулаахан байна. Гэвч  энэ сарын 18-наас эхлээд баруун аймгийн нутгаар 19-ноос хангайн уулархаг нутаг, төвийн бүсийн ихэнхи нутгаар мөн энэ сарын 20, 21-нээс төв болон зүүн аймгуудаар нойтон цас орж эрс сэрүүсэх төлөвтэй. Энэ үеэр ихэнх нутгаар сэрүүсч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. Цаг агаарын энэ үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүй. 

-Энэ жил өвлийн цаг агаар төлөв байдал гарсан уу?

-Урьдчилсан байдлаар өвлийн төлөв гарсан.  Энэ өвөл ихэнх нутаг тэр дундаа баруун төв зүүн аймгуудын нутгаар олон жилийн дундажтайгаа адилхан байх магадлалтай. Говь тал руугаа дулаахан байх нь. 10 дугаар сард баруун, төв аймгуудаар олон жилийн дундажаас ахиу орж магадгүй. Алтай өвөр нутгаас дундажаар цас бага орно.