Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа" гэсэн гарчигтай нийтлэл бичсэн. Тус нийтлэлээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

- Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд!

- Бид байгаа юмыг байгаагаар нь шууд хэлэх ёстой!!! Хүмүүс тэрийг хэн хорьчихов, тэрний ард хэн байгаа бол гээд их эргэлздэг, янз бүрээр таамагладаг. Янз бүрийн хүмүүсийг харддаг. Одоо битгий эргэлз! Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга!  

- 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл Ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл Төрийн эргэлт гарсан. Олон улсад үүнийг Soft coup буюу Төрийн “зөөлөн” эргэлт гэдэг.

- Үндсэн хуулийн нэг тулгуур багана Шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна.

- Баттулга дуртай үедээ, дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мэссэжээ Салхитын гэх хэргийн далбаан доор бүх шүүгчдэд харуулсан. Асуудалд холбоотой 6 шүүгчээр хязгаарлалгүй албаар (17 чингэлэг спиртийнхээ хэргийн өшөө авалт ч юм билүү?) 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Алийг чинь ч ингэж чадна шүү гэдгээ анхааруулж байгаа үйлдэл.

- Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтлаа гэсэн үг. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн ДМ мессэжийг хүн болгонд хүргэж байна.

- Шүүхийн, прокурорын оройд шинээр томилогдож байгаа хүмүүсээс Огцрох өргөдлийг нь Томилох нөхцөл болгон түрүүлж бичүүлж аваад одоо он сараа тавиагүй ширээнийх нь нүдэнд байгаа нь нууц биш болсон. 

- Хуулийн доор амьдрах учиртай ч Одоо бид хүний доор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй.

- Оюу Толгой, бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Баттулгаар бус түүх, цаг хугацаагаар шүүлгэх ёстой.

- “Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарж гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.

- Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. 

- М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив.

- Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байнаа?! Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсноо эсхүл мартаа юу? Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь? 

- Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм?

- Одоо Эрдэнэс Монгол, Засгийн газраа буруутгахыг хүсч байгаа бол УИХ-аа, З.Энхболдоо шорондоо хий, Баттулгаа! Чи С.Баярцогтыг шоронд хатааснаар дур тачаал чинь ханахгүй байна уу? Эхнэр хүүхдүүдийнх нь хамаг хөрөнгийг хурааж гудамжинд хөөж гаргахаасаа ичээч! 

- "Эзэн”-д би таалагдахгүй болсон шалтгаан маш энгийн. Төмөр замын асуудлаар хэрэгт ороод явж байхад нь би Ерөнхий сайд байсан мөртлөө туслаагүй гэх ял, ОТ, Эрдэнэтийн асуудлаар хоригдож, байцаагдаж байхдаа Ц.Элбэгдоржийн эсрэг өөрт нь хэрэгтэй мэдүүлэг өгөөгүй гэдэг Баттулгаас тулгасан хувийн хоёрхон л ялтай хүн.

- Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг Ардчилсан намыг бодлогоор шороотой хутгалаа. Дараалж ялагдуулах бүх нөхцлийг нь хангаж өглөө. Өнөөдөр манай намын өнгөтэй өөдтэй хүн бүхэн чиний ачаар ямар нэгэн “цол чимэг”-тэй болсон. 

- Баттулга Авилгатай тэмцэх бодлогын, концепцийн, зарчмын, хуулийн нэг ч зүйл ярихгүй, хийхгүй байгаа биз? Зүгээр л хэнээс өшөө авах уу, хэнийг замаасаа зайлуулах уу, хэнийг дарамтлах уу гэдгээ л урьтал болгож байна

- Чи гуравдагч хөршүүдийн бүх хөрөнгө оруулалтыг хөөлөө.

- Чиний байнга ярьдаг арьс шир, махны өндөр өртөг шингэсэн экспорт чинь хаачив? Өрөөнд чинь байдаг самбар дээр зурсан, бичсэн чамайг мэдэхгүй хүнд сүрдмээр, бахадмаар ажлуудаас чинь нэг нь ч энэ 3 жилд ажил хэрэг болсонгүй. 

- Эцэст нь Баттулгаа чамд өгөх нэг зөвлөгөө байна: Чи долоогсдоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна. Р.Эмүжин чамд хандан 2 жилийн өмнө хэлж байсныг дахин сануулья. Хаантан шалдан байна!