Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газар цахим хуудсандаа байршуулаад байгаа билээ. Түүний талаарх мэдээллийг  хоёр сая төгрөгөөр худалдаж авахаа ч зарласан. 

Ийнхүү анхнаасаа оргох сэдэлтэйгээр хил давсан хэмээн сэрдэгдэж буй үед тэрбээр албан ёсны фэйсбүүк хуудастаа энэхүү асуултад хариулт өгчээ. 

Ч.Сайханбилэг "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээн бичсэн байна.

Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт буруутгагдаад буй.Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.