Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг автомашингүй гудамж болгох асуудлыг хэлэлцэж дэмжив. 

Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллажээ. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг оруулав. 

Нэгдүгээрт, музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлж автомашингүй гудамж болгох, 

Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих саналыг оруулсан.  

Уг асуудлыг Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ