Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Энэ талаар болон үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор улсын төсөвт тодотгол хийх эсэх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсөв тодотгохгүй, дөрөв дэхээ хэлж байна. Тодотгол хийх нөхцөл бүрдээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгийнхаа суурь зорилтуудыг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даваад туулчих хэмжээний боломж бүрдсэн. Одоогоор төсөв 190 орчим тэрбум төгрөгийн алдагдатай байна.

Өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр болсон нь нэгдүгээрт, үнийн өсөлт үүсч магадгүй, хоёрдугаарт, тасалдалт бий болж магадгүй гэж болгоомжилсон. Гэхдээ одоо БНХАУ-аар дамжаад ачаа, бараа хэвийн орж ирж буй. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилийн боомтуудаар гаргах бэлтгэл ажлыг хийж, БНХАУ-ын талтай ойлголцож байна. БНХАУ-ын талд ариутгалын төхөөхөмжүүд суулгаж байгаа. Улмаар удахгүй экспорт эхэлнэ.

Тэгэхээр ус үзээгүй байж хормой шуугаад яахав. Энэ удаа бид нөхцөл байдлаа мэдрээд зохицуулаад явчихна гэж бодож байна. Бүх төрлийн будаа, ургамлын тос, элсэн чихрийг орж ирж буй үед нь авах татварыг хоёр сараар хойшлуулсан байгаа. Хоёр сарын дараа гэхэд УИХ-ын хаврын чуулган эхэлчихнэ. Тэр үед дээрх өргөн хэрэглээний барааний гаалийн болон НӨАТ-ын татварыг нэг удаа чөлөөлөх хуулийг өргөн барьж шийдвэрлүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тогтсон" хэмээлээ.


Засгийн газрын шийдвэрийг хүргэж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. 

УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө. 

Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. 

Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.