УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдох хүмүүсээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд эдийн засгаа сэргээхийн тулд төсвийн тодотголыг хэзээ хийх вэ, Монгол Улс дотоодын бонд гаргах уу гэсэн асуултад Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Тэрээр "УИХ шинээр бүрдсэн. Шинэ Засгийн газар өнөөдрөөс шинэ бүтцээр ажиллахаар болж байна. 2019 оны 11 дүгээр сард батлагдсан улсын төсөвт тодотгол хийнэ. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж төсвийн тодотголыг хэлэлцэн батална гэж бодож байна. Гэхдээ том өөрчлөлтүүд орохгүй. Хэлж, яригдсан хөрөнгө оруулалтын ажлууд хэвийн үргэлжилнэ. 

Дотоодын бонд гаргах уу гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар гоё нэртэй ямар нэгэн бонд гаргаагүй, арилжааны нөхцөлтэй ямар нэгэн зээл аваагүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Одоо шаардлагатай тохиолдолд дотоодын бонд гаргах бүх ажлыг хийчихсэн байгаа. Өмнөх шиг арилжааны банкуудаас зээл аваад байхгүй. Блокчэйн дээр үндэслэсэн технологиор авагддаг орчныг бүрдүүлсэн. 

Монгол Улсын иргэн хэн ч үүнд оролцож Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах боломж бүрдээд жил болж байна. Зээл авах шаардлагагүй байсан учир ашиглаагүй.