УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын хувьд энэ хуулийг өөрчлөх шалтгаан нь юун дээр үндэслэж байсан бэ гэхээр өмнө нь явагдсан бүх тендерийг аваад үзэхэд: 

Нэгдүгээрт, удаан шатлага, дамжлагатай явагддаг, маргаан их гардаг. 

Хоёрдугаарт, Гүйцэтгэсэн ажлын чанар тааруу, дотооддоо өөрсдөө хийж болох зүйлийг дандаа гаднаас авдаг байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд учир дутагдалтай байдаг зэрэг нэлээд олон асуудлыг бид үзээд хуулиа өөрчлөхөөр шийдсэн. Тус хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын гишүүдийн саналтай ерөнхийдөө давхцаж байсан учир нийлүүлээд өргөн барьсан. 

Хамгийн чухал нь үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжих вэ гэдэг асуудал байна. Нэгэнт л татвар төлөгчдийн мөнгийг тендер зарлаж ашиглаж буй бол үндэсний үйлдвэрлэгчидээ, тэр тусмаа татвар төлөгчиддөө зориулж ашиглах чиглэлээр ямар заалтууд оруулж болох вэ гэсэн зорилго тавьсан. 

Мөн чанарын асуудал чухал. Хамгийн бага үнэ өгсөн компани тендерт ялаад байдаг гэж О.Баасанхүү хэлсэн. Тэр нь бас аргагүй байсан. Яагаад гэхээр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд "хамгийн бага үнэ өгсөн компанийг шалгаруулна" гэсэн бие даасан заалт байсан. 

Тус заалтын өмнө техник, стандартын шаардлага хангасан байх шаардлагатай гэсэн заалт байдаг. Энэ шаардлагыг хангасан компаниуд дотроос хамгийн хямд үнэтэйг нь сонгох ёстой. Гэтэл өмнөх заалтаа харалгүй хамгийн бага үнэтэйг нь сонгосноор тендерийг чанаргүй, дамлаж гүйцэтгэдэг явдал гардаг. Үүнийг шинэ хуулиар хориглосон байгаа" гэв.