Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой” төлвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэлийг нэмэхэд дараах гол хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:

• Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлого нь эдийн засгийг хурдтай өсөхөд нөлөөлсөн;
• Эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн нь бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт;
• ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого нь олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зэрэг болно" хэмээн нийтлэжээ.