Төсвийн байнгын хороо Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Татварын багц шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийсний дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх эсэх дээр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь цагаа олсон хэрэг болж байна. УИХ-д өргөн мэдүүлээд есөн сарын хугацаа өнгөрч, анхны хэлэлцүүлгийг хийж чадаагүй гацаад байсан хуулийн төсөл хөдөлж байна. Миний хувьд олон улсад жишиг болсон хялбаршуулсан татварын тогтолцоог нэвтрүүлэх талаарх саналаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Хүн бүр, аж ахуйн нэгж бүр адил тэгш үүрэгтэйгээр татвараа төлдөг болох шинэчлэлийг л хийх хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай. Өнөөгийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд гэж заасан нь чамлалттай тоо харагдаж байна.

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Бидэнд иргэдээс 1000 гаруй санал ирснээс хамгийн их давтамжтай байсан хэд хэдэн саналыг хэлмээр байна. Тухайлбал, ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкин дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог болох, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх зэрэг саналуудыг ирүүлсэн. Эдгээр саналуудыг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах боломж байна уу

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэх байх. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох боломжгүй. Олон улсад НӨАТ-ын болон худалдааны татвартай улс байдаг. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орнуудаас цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл гэдэг зарчим үйлчлэх ёстой. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл онолын суурь зарчмуудыг сайн тусгасан учраас УИХ-аар хэлэлцүүлэх явцад гишүүдээс үндсэн концепцийг эвдэхгүй байхыг хүсмээр байна. Манай улсын эдийн засаг ойрын арван жилдээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголтын тухайд одоогийн хуулийн хүрээнд эцсийн хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд байгаа. Цаашид төр эцсийн хэрэглэгч болох хэрэгтэй. Ингэвэл төрийн худалдан авалт, тендер бүгд цэгцэрнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгасан нь сайшаалтай байна. Ажлын хэсгийнхнээс хүсэхэд бид Татварын багц хуулийг дагалдан гарах 45 журмын төсөлтэй танилцмаар байна.