Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тодотгов.

Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. 

Энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны зүгээс тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.

Тус холбооноос 1992 оноос хойш  зээлийн санхүүжилт огт олгоогүйн зэрэгцээ одоо олгож байгаа 50,8 сая еврогийн төсвийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын орлогыг  нэмэгдүүлэхэд чиглэж, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дөрөвдүгээр улиралд эхний санхүүжилт болох 16 сая еврог авна. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Төслийн нэгж байгуулахгүй бөгөөд 43 сая евро буюу 85 хувь нь төсвийн дэмжлэг болгон, үлдсэн 15 хувийг НҮБ болон Европын холбооны холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд техникийн туслалцаа, дэмжлэг хэлбэрээр зарцуулагдана гэв. 

Монгол Улсын гадаад өр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30,8 тэрбум ам.доллар байгаагийн 19,1 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компанийх, 1,7 тэрбум ам.доллар нь арилжааны банкных, 2.1 тэрбум ам. доллар нь Монголбанкных, 7.9 тэрбум ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын өр эзэлж байгааг тодотгоод Монгол Улс 1990 оноос хойш 3  гаруй  тэрбум ам. доллартай тэнцүү хэмжээний  буцалтгүй тусламжийг аваад байна.