Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар унаж, 2021 онд 5-7 хувиар өсөх тооцоо, судалгаа гарсан. Үүнтэй уялдуулан  Сангийн яам Монгол Улсынхаа эдийн засгийн төлөвийг хийгээд, төсвийн тодотголыг сая Засгийн газарт танилцууллаа. 

Төсвийн тодотгол хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Үүнд

1. Коронавирусийн үед иргэд болон аж ахуйн нэгжүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс нэлээдийг нь цааш үргэлжлүүлэхээр тусгасан. 

2.Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн зардлыг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасан.

3. Экспортын орлого голлон буурч буй учир үлдэж буй хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авна. Үүнтэй уялдуулж холбогдох тооцоо, судалгааг хийсэн. 

4. Коронавирусийн үед дэлхийн улс орнууд цахим шилжилт хийж байна. Иймд Монгол Улс ч цахим шилжилтийг сайн хийнэ гэж холбогдох төсвийн тооцооллуудыг хийсэн. 

5. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүй, тендер зарлаж амжаагүй объектуудыг хасах, санхүүжих дүнг нь бууруулах зарчмыг баримталсан.


Ямар арга хэмжээнүдийг авч хэрэгжүүлэхээр болныг товч танилцуулъя.

- Хүүхэд бүрт 100.000 төгрөг олгож буй арга хэмжээ 10 дугаар сарын 01-нд дуусгавар болох байсан ч үүссэн нөхцөл байдал болон 2021 оны дэлхий, БНХАУ, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тооцоолоод хүүхдэд олгож буй 100.000 төгрөгийг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

- Нийгмийн халамжаас мөнгөө авдаг тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг мөн он дуутсал үргэлжлүүлнэ.

- Амьжиргааны түвшин хүндрэлтэй иргэдэд олгодог хүнсний талоныг 2020 он дуустал нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. 

- Байнгын асаргаа шаардагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг мөн 2020 он дуустал үргэлжлүүлнэ" хэмээн мэдээллээ.