Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 он хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, шалгалтын дүнг хууль хяналтын байгуулахад шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргалаа. 

Тус шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк гэсэн 4 байгууллага хамтран шалгасан. Шалгалт хоёр сарын хугацаанд үргэлжилж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцууллаа. 

Шалгалтаар нийт 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Зөрчлөөс товч дурдахад: 

1. 2016 оны 7 дугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэхээр Ерөнхий захирал нийгмийн асуудлаа, Тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа, хууль эрхзүйн газрын дарга нь үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг хариуцдаг байхаар бүтцийг хийсэн байна. Энэ нь компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж, 51 хувийг эзэмшиж байсан эрх мэдэлд шууд бусаар халдсан гэж ажлын хэсэг дүгнэсэн.

2. Компани бол аливаа нэгэн гүйлгээ хийхдээ нэг, хоёрдугаар гарын үсэг гэж явдаг. Энэ гарын үсэг зурдаг байдал бол мөнгөн дүнгийн хэмжээгээр олон хүнд хариуцуулж өгсөн байна. Энэ нь санхүүгийн сахилга батыг бүрэн агуулгаар нь алдагдуулсан, хяналт тавих боломжгүй байдал харагдаж байна.

3. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж, урьдчилгаа дүнд их хэмжээний мөнгө авсан байна. Тухайлбал, гэрээ байгуулангуутаа гэрээний дагуу 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг олгосон байна. 2019 оны 4 дүгээр сарын 1-ни байдлаар авч үзэхэд Эрдэнэт үйлдвэр дээрх хоёр ААН-ээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай гэж гарч ирж байна. Тэгэхээр цөөн тооны ААН-тэй их хэмжээний дүнтэй гэрээ хийгээд, гэрээг гүйцэтгүүлэхэд Эрдэнэт үйлдвэр өөрөө урьдчилгаа олгосон байна.

4. 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 1.2 сая тонн зэсийн баяжмалыг "Монголын зэс корпораци"-аар худалдах гэрээг байгуулсан байна. Ногдол ашгийн зөрчлийг өндөр гаргасан. Тухайн үедээ өмнө нь гарсан байсан ногдол ашгийг 49 хувийн эзэмшиж байсан "Монголын зэс корпораци" руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 55.8 сая долларын гүйлгээ хийсэн байна. Үүнийг дахин нягталж үзэх ёстой. Мөн шилжүүлэхдээ татварыг нь төлөөгүй байна. 

5. Медипас компанитай хийсэн гэрээний зөрчил байна. Эрдэнэт үйлдвэр өөрөө 64.9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд эмнэлэг байгуулсан. Дараа нь тус эмнэлгээ Медипас гэдэг компанид шилжүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө ажиллагсдын, Эрдэнэт хотын, Баруун буюу хангайн бүст зориулсан орчин үеийн эмнэлгийг өөрийнхөө хөрөнгөөр байгуулчихаад хувийн компани руу штлжүүлсэн байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж бид үзэж байна.

6. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг. Цэвэр зэс гаргадаггүй. Хайлуулах, цэвэрлэх ажлыг гэрээгээр өөр байгууллагаар хийлгэдэг. Үүнд гаргадаг зардал дунджаас өндөр байна. Үүнийг буулгахыг даалгасан.

7. Нийт 6 төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавигдсан. Үүнийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гаалийн тавартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн.

8. Дараагийн нэг том зөрчил бол гаргаж буй эрдэс, зэсийн баяжмалынхаа сорьцыг Гаалийн төв лаборатороор тогтоолгодоггүй, өөрөө хувийн компанитай гэрээ хийж, сорьц тогтоолгодог. Түүн дээрээ үндэслэж татвар төлдөг асуудал байна. Энэ зөрчлийг арилгах нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой 4, аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нэг зөрчил байна. Мөн их хэмжээний нөөц байгуулан цэвэр ашгийг бууруулж, татвар бага төлсөн байна. Нийт 458 тэрбум төгрөгийн нөөцийн үлдэгдэлтэй байна. 

Тус үйлдвэрт дотоод аудит, хяналт хангалттай хэрэгждэггүй байна. Мөн нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив, тусламжийг 2016-2019 онд олгосон байна. Эдгээрийг эргэн төлөх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна.

Хамгийн гол томоохон зөрчил бол худалдан авах үйл ажиллагаа байна. Нийт 2336 гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал нь хуулиас давсан худалдан авалт журамласан тушаал гаргаж, түүгээрээ худалдан авах үйл ажиллагаа явуулж байсан. Уг тушаалыг хүчингүй болгож, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй худалдан авахтай холбоотой хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн. 

Шууд гэрээ гэдэгт сонгон шалгаруулалтгүй, санхүүгийн чадваргүй, туршлагагүй компаниуд шалгарах магадлал өндөр байдаг. Томоохон байгууламж барина гэсэн гэрээтэй хэрнээ жижиг саравч барьсан зэрэг зөрчлүүд байсан" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой 40 сая долларыг төлсөн. Энэ мөнгийг холбогдох буруутай этгээдүүдээр нь төлүүлэх хэрэгтэй гэсэн дүн гарсан. 2016-2019 онд компанийн засаглалтай холбоотой, газрын дарга нь компанийн захирал шиг ажилладаг, хувь эзэмшигч талуудын эрх ашиг алдагдсан, их хэмжээний санхүүгийн зөрчил гарсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээнүүд нэлээд байгуулсан зүйлүүд илэрсэн" хэмээлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.