БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Айлчлалын үеэр тэрээр Увс аймагт хоёр хоног ажиллажээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт 2 хоног ажиллалаа. Бүс нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн чиглэлээр цаашид онцгой анхаарал тавьж ажиллахаар боллоо. 

Нэг. Баруун аймгуудын БНХАУ-тай хиллэдэг боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажиллах цагийг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай болгох, ачааны болон зорчигч тээврийн автомашин шалгах рентген төхөөрөмж суурилуулах, камержуулах зэрэг хөрөнгө оруулалтыг хийх. Одоо байдал ямар байгаа вэ гэхээр боомтууд улирлын шинжтэй, зарим сар ажилладаг, зарим сар ажилладаггүй. Ачаатай машин ороод ирвэл ачааг гараар буулгаж, шалгаад буцааж ачдаг гэх мэтээр худалдаа, бизнест саад болсон олон асуудал бий. Үүний хөрөнгө мөнгө шаардагдах хэсгийг зээл, тусламжаар шийдэхээр, ажиллах цагийг нэмэгдүүлэх талаар холбогдох албаны хүмүүс ярьж шийдэхээр болж холбогдох үүргийг Ван И сайд газар дээр өгч байна лээ. Боомттой холбоотой асуудлуудыг энэ оны 1-р сараас хойш удаа дараа БНХАУ-ын талд тавьж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр боомтын үйл ажиллагааг сайжруулах тусламжийн гэрээнд гарын үсэг зурсныг та бүгд санаж байгаа байх аа. Эдгээр ажлууд хийгдвэл баруун 5 аймгийн иргэд, бизнес эрхлэгчдэд Хятадын том зах зээл нээлттэй болох юм. 

Хоёр. Монголоос үхэр, хонины мах авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Гэхдээ Монголоос мах авахад шүлхий мэтийн малын өвчин саад болж байгаа учир одоогийн нөхцөл байдалд тааруулж малын өвчингүй газар нутгийг тодорхойлоод, тэндээс гарал үүсэлтэй мах авах талаар эхэлж ажиллахаар боллоо. 

Гурав. Эрчим хүчний салбарт хамтарч ажиллах талаар ярилцлаа. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ажиллаж байгаа ч хүчин чадал хүрэлцдэггүй тул баруун аймгууд ОХУ-аас үнэтэй эрчим хүч импортоор авч хэрэглэдэг. Ховдын Эрдэнэбүрэнд усан цахилгаан станцыг зээлийн хөрөнгөөр бариулах хүсэлтийг Засгийн газар 4 дүгээр сард БНХАУ-д тавьсан. Эрчим хүчээр хараат бус байна гэдэг бол үнэхээр чухал гэдэгтэй хүн бүр санал нэгдддэг. Энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар талууд ойлголцсон. Эдгээр нь олон сар, олон жилийн хугацаанд Монголын талаас БНХАУ-д тавьж, ярьж, хэлэлцэж байсан асуудлууд юм. 

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Ван И сайдын айлчлал маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Бид ч бүр ихээр шуурхай, шургуу ажиллах шаардлагатай. Ярьж хэлснээсээ буцаад, өөрчлөөд, хийрхээд байх шаардлагагүй. Харин ОХУ БНХАУ хоёрыг холбосон хийн хоолойг баруун аймгуудаар дайруулж тавих талаар огт яригдаагүй. Энд хийн хоолой тавих юм гэнэ, тавих асуудлыг судалж байна гэдгийг би лав огт сонсож байгаагүй, тэр их уулуудын хаагуур нь тавих юм бол доо гээд л гайхаад л байна. Гадаад хэргийн яамны асуудал хариуцсан хүмүүс, Д.Цогтбаатар сайд үнэхээр мундаг байсан. Мэдээж манай аймгийнхан үнэхээр сайхан зохион байгуулсан шүү, мундаг байлаа" хэмээн нийтлэжээ.