Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Дээрх зарлигийн дагуу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Тэгвэл энэ талаар зохиолч, яруу найрагч, орчуулагч, Монголын уран зохиолын нэгэн үеийн томоохон төлөөллийн нэг болох Гүн Г.Аюурзана өөрийн цахим хуудастаа ийн бичсэнийг уншигч олон та бүхэндээ хүргэж байна. 

ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР ӨНӨӨДӨР БИШ!

Байсхийгээд л давтдаг, улиг болсон нөгөө санаагаа энэ өдөр ахин хэлье.
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг анх 1962 оны 5-р сарын 31-нд дүйцүүлэн 800 насны нь ойг тэмдэглэсэн түүхтэй. Саяхан буюу 2002 оны 5-р сарын 3-нд дүйцүүлэн 840 насны ойг нь тэмдэглэснийг ч зарим хүн санадаг л байх. Эзэн богд маань 1162 оны морин жил төрсөн, 1227 оны гахай жил тэнгэрт хальсан, монгол тооллоороо бол 66 нас сүүдэр зооглосон гэдэг нь эргэлзээгүй батлагдсан. Харин төрсөн өдөр нь л мадагтай хэвээр байна.

Цэндийн Дамдинсүрэн абугай “Нууц товчооны монгол бичгийн эх” гэж тодорхойлсон “Лу. Алтан товч” судар тэргүүтэн олон чухаг эх сурвалж “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэлд мэндэлсэн” гэж заадаг, түүнчлэн алтан ургийн аугаа сударч Инжаннаш өдий төдий судар бичиг харгуулан үзээд “Хөх судар”-таа их эзний мэндэлсэн өдрийг зуны тэргүүн сарын 16 хэмээн тогтоосноо зарлаж, үүнд ямарваа эндүүрэл самуурал үгүй хэмээн баталсан билээ. Гэтэл бүр хожмын, XIX зууны “Болор толь”, “Сувд эрих” хэмээх хоёр гар бичмэлд түшиглэн, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Чингис хааны төрсөн өдөр” хэмээн сүүлийн хэдэн жил зарлан тэмдэглэдэг болчихоод байна.

Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нэг нь булган өлгий. Монголчууд халуун зун төрсөн хүүхдээ ч хонины нэхийд өлгийдөж авдаг заншилтай. Үнэт бэлэг бол улирлын чанартай зүйл огт биш. Тиймээс булган өлгий өргөсөн төдийхөнд тулгуурлан “зун төрөөгүй ажээ” гэж өнгөц дүгнэх нь утгагүй хэрэг. Энэ санаа “Тэнгэрийн судар” номд минь ч бий. Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нөгөө нь татааруудтай аян дайн хийсэн явдал, хавар байлддаггүй хэмээх үлгэр. Гэвч монголчууд зонхилон хавар, мал ногоонд цадмагц л дайнд морддог жишээ “Нууц товчоон”-оор дүүрэн бөгөөд намрын хайлган цагаар адуу малаа ширүүхэн ч хөөдөггүй малчид маань эл учрыг андахгүй.

Тэгэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жинхэнээр нь, эртнээс онцгойлон тахиж ирсэн зуны тэргүүн сарын улаан тэргэлдээ л тэмдэглэж баймаар юмсан.