"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр түүний үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна.

Тэрбээр Өмнөд Африкийн Стандарт банкинд зээлийн баталгаа гаргаж өгсөн хэрэгт буруутгагддаг ч  өмнө нь энэхүү мэдээлэл дээр “Би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан” гэж мэдэгдэж байсан юм.

АТГ-аас мэдээлэхдээ Ч.Ганзоригийг 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группын асуудал дээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа гэж байсан юм. Түүнээс гадна энэ хэрэг дээр Ш.Батхүү, н.Мөнхжаргал н.Амарбат, н.Галбадрах Ч.Ганзориг нарын таван хүн шалгагдаж байгаа аж.

Шүүхийн шийдвэр:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. юм. Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар