"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг тойрсон дуулиан дэгдсэний дараа халамжийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд "сэрдэгдэж" эхлэв.

Тэдний нэг нь Ч.Ганжавхлангийн тэргүүлдэг Лантуун дохио ТББ юм. Тэрбээр энэхүү ТББ-ыг анхнаас нь үүсгэн байгуулж өдийг хүртэл үйл ажиллагааг нь явуулж ирж буй.

Тэрбээр энэ талаараа ийнхүү тайлбар хийжээ.


Тайлбар хийх нь буюу "Шалгуулъя  бид"

За "Загдаа ах"-н асуудал нийт салбарын асуудлыг хөндөж үүнтэй холбоотойгоор миний биеэр дамнуулан Лантуун дохио ТББ-руу зохион байгуулалттайгаар дайран давшилах, гүтгэх, хардах үйлдэл явж байгаа юм байна гэж ойлголоо. Жаахан бүдүүлэг хэлбэрээр хандаж байгааг эс тооцвол "Зөв асуудал" хөнджээ. Баярлалаа. Хөндөх ёстой сэдэв мөнөөс мөн юм.Манай ТББ-н бүх данс тооцоо нээлттэй ил тод буюу шилэн данс хөтөлж явуулдаг. Та бүхэн www.lantuu.mn сайт руу ороод хандив гэдэг цэсийг дарвал өдөр сар цаг минуттайгаа хэн хэдэн төгрөг хандивлаж байгааг бас "Зарцуулалт" гэдэг хананд тэр мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг шилэн байдлаар харж болно. Хүн гараар шивдэг болохоор заримдаа буруу бичих, цаг хугацаа андуурагдах, хэд хонож байж орох алдаа гардаг. Үүнийг засаад тусдаа App хийхээр IT баг ажиллаж байгаа. Олон нийтээс хандивласан мөнгө болон барилгын материал ажиллах хүчний хандиваар Ид шидийн орон 1, 2 бүтээн байгуулалт хийгдээд дууссан. Баянхошуу, Улиастай гэдэг автобусанд суугаад нүдээрээ үзэж харж шалгаж болно. Мэдээж үүнийг би ингэж хэлэх нь хангалтгүй болохоор байнга санхүүгийн аудит ордог. Хамгийн том нь олон улсын их дөрвөлийн нэг E&Y аудит юм. Мэдэх нэг нь энэ ямар түвшний зүйл болохыг сайн мэднэ. Санхүүгийн сахилга бат сайтай байсны ачаар олон улсын дэмжлэг боломжуудыг авсан хэд хэдэн тохиолдол бий. Бидний хамгийн чухал хандивлагчид бол АНУ, Монгол улсад амьдардаг өдөр бүр 1 доллар, 100 төгрөгийг сэтгэл зүрхнээсээ илгээж буй Ид шидтэй ах эгч нар. 2018 оноос хойш энэ л хүмүүс бүх урсгал зардлыг нуруун дээрээ авч яваа билээ. Улсаас нэг удаа СХД гэр бүл хөгжлийн газраас 10 сая 200 мянган төгрөг буюу хүүхэд хамгааллын зардалд дэмжлэг, нийслэл хотоос 1 удаа 21 сая төгрөг буюу бүтэн жилийн тогны мөнгөний дэмжлэг үзүүлсэн. Үүнээс өөр нэг ч тийм зүйл байхгүй. Энэ бүх хандивыг албан ёсоор мэдээллэсэн, зурагтаар талархал илэрхийлсэн, одоо ч их талархаж явдаг. Гэтэл зөвхөн нэг төвийн бүтэн жилийн нийт урсгал зардал ойролцоогоор 360 сая орчим төгрөг байдаг бусад нь улсаас биш Ид шидтэй ах нараас ... Харьцуулаад тооцож үзэж болно. Энэ бүх тооцоо, тоогоо цээжээрээ мэднэ. Хаана нь ч ямар ч асуултанд бол бүдрэхгүй. Хэмнэсэн нь тэд л гэж хэлж чадахаас буруу зарцуулагдсан нэг ч тохиолдол байхгүй. Бас элдэв шашин үзэл суртал гаж буруу чиглэл хазайсан нэг ч удаагийн тохиолдол байхгүй. Бүх данс тооцоо маш цэгцтэй аудидтай баримттай гарын үсэгтэй зурагтай бичлэгтэй талархалтай санхүүгийн тамгатай нэг бүтэн өрөөнд ярайтал хураалттай бий. Шалгуулахад үнэхээр бэлэн байна, угаасаа ч шалгуулдаг, улсад улиралд бүр тайлангаа өгдөг, НД шимтгэл төлдөг, өөрсдөө аудит оруулж олон улсад боломж хайдаг.Уул нь сүрхий хэрүүл гүтгэлэгт оролцоод байдаггүй, хувь хүнийхээ хувьд 8 жилийн турш ёстой төрөл бүрээр угаадас цацуулж л ирсэн учраас одоо бараг "Хийморийн сан, цагаан хэл амны хариулга" гэж ойлгоод дандаа л чимээгүй байдаг. Гэтэл манай дэмжигчид нэлээн эмзэглээд өмөөрөөд үзэлцээд байх шиг байна. Үнэн юм үнэнээрээ сайхан, бариад босгоод тавьчихсан нүдэнд харагдаж гарт баригдаад бодит явж байгаа ажлыг хэн ер нь яаж чадах юм ? Сошиалаар аймар аймар хүүхдийн хүчирхийллийн хэргүүд шуураад өнгөрдөг, яг бодит амьдрал дээрээ манайд л ирдэг шдээ. Хэдэн зуун бодит хүчирхийллийг амьдрал дээр хамгаалж гэмтсэн сэтгэлзүй, дутагдсан тогтолцооны нэг хаалгыг нь нөхөөд л тэмцэж яваа. Зүгээр нэг хүчирхийлэл ч биш бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, яргалал, аймшигтай зүйлс байгаа. Энэ амархан ажил биш шүү дээ. Төр засагт дараагүй түмэн олонд хамгийн тустай цэвэрхэн үнэн явж байгаа төслөө яаж байгаа юм бол ? Итгэлтэй байгаарай, сонгууль энэ тэр нь дөхөөд юутай ч холбож мэдэх цаг ирсэн шиг байна. Лантуун дохио ТББ-ын санаачлагч, тэргүүн Ч.Ганжавхлан