Хүчирхийллийн хохирогч болсон 9 настай охины хөршүүд сэтгүүлчийн асуултанд ийнхүү хариулж байна.

“Хөөрхий минь, уйлчихсан тэнд зогсч байдаг сан, хойд аав нь их зоддог байсан хэмээн хөрш эмэгтэй дурсав. “Цагдаад мэдэгдэх иргэний үүрэг танд байгаа шүү дээ” гэж сэтгүүлч сануулахад “Харин хэцүү юм байна лээ. Ээжтэй юм билээ. Адилхан эх хүн байж хүүхдээ зодоод байхад өмөөрдөггүй юм байх даа гээд би бас хараад л байсан юм” гэнэ.

Өөр нэг хөрш эмэгтэй “Нөхөр нь гурав, дөрөв хоног дараалан уудаг байсан. Хүүхдээ зодож нүдээд байх юм гээд би хараад л байсан.  Энэ хавийнхан сайн мэднэ” хэмээн ярилаа. 

“Цагдаа, хэсгийн ахлагчдаа та нар хэлдэггүй юм уу” гэхээр “Үгүй, үгүй хэлдэггүй юм. Хамаатан садан биш бидэнд ямар хамаатай юм гэж боддог. Уг нь би хэлье гэж бодсон юм. Манай нөхөр чамд ямар хамаатай юм гэж загнадаг” хэмээн хэлнэ лээ.

Харин “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан энэ мэдээг цахим хуудастаа шейрлээд, 

“Ээ чааваас, ээ чааваас энэ хөршүүдийн яриаг сайн сонс доо!
Ийм хөрштэй байхад, та бид ийм байхад яаж хүчирхийлэл багасах вэ? Та дуудлага өгч болоогүй юу гэхэд бүр ... Гүүүү гүүү гүү төвөг гэж ирээд л ямар хөгийн юм бэ.
Хүчирхийллийг тэвчдэггүй #ХҮНБАЙ !!!! #Хөршгүй хүчирхийлэл гэж үгүй#НүдээНээ” хэмээн уриалжээ. 

“Лантуун дохио” ТББ-аас өчигдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” уулзалтыг зохион байгуулсан юм. 

Уг уулзалтыг долоон цагийн өмнө ярилцаад, орой нь 18.00 цагт “Архитектор” төвд хийхээр зарласан юм.

 

“Төр засаг эсвэл хэн нэг мундаг баатар гарч ирээд хүчирхийллийг алга болгохгүй. “Лантуун дохио” ТББ үүнийг хийж чадахгүй. Та л оролцохгүй бол. 

Тэр хүүхдийг зодуулаад уйлаад хавиргаа хугалуулж байхад нь та чимээгүй байсан бол үүнийг хэн ч зогсоож чадахгүй” хэмээн "Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" уулзалтыг санаачлагч хэлсэн юм. 

“Дэлхийд иргэний хяналт оролцоог сайжруулахгүйгээр хүчирхийллийг давсан нэг ч тохиолдол байдаггүй. Хэчнээн мундаг төр байгаад, хууль байлаа ч  та хажуу  айлд өрнөж байгаа хүчирхийллийг мэдээлэхгүй бол, та өөрийнхөө хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэхгүй л юм бол ямар ч нэмэр байхгүй. 

Хөршгүй хүчирхийлэл гэж байхгүй. Хөрш заавал байдаг. Зээлээр юм өгөөд байдаг дэлгүүр, худаг, хөрш гурав хамгийн ойрхон мэдээлэгч. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн шинж тэмдэг мэдэгддэг шүү” хэмээн Ч.Ганжавхлан онцолсон юм. 

“Есөн настай охины гэр 23-р хороонд манай Ид шидийн орноос нэг худгийн цаана байсан. Тиймээс бидэнд маш харамсалтай, гомдолтой, бухимдалтай байна” хэмээн тэр хэлсэн шүү. Уг уулзалтаас хойш "Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" уриалгад олон хүн нэгдээд байна.