Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан иргэд мод тарьж амралтын өдрийг өнгөрүүлж буй. Үүний нэг нь Сэлхийн ам дахь Гүнжийн булгийг сэргээж мод тарих ажил юм. 

Нийслэлтэй ойролцоо булаг рашаанууд ширгэсээр цөөн үлдсэний нэг нь энэхүү рашаан билээ. Газрын гүнээс ундарч гардаг, байгалийн чулуулгын давхаргаар шүүгдэн тунаж тогтсон  өвөрмөц тогтоцтой энэ булгийн орчмыг ийнхүү моджуулснаар улсын эзэмшлийн ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэж байна гэж тус төслийг санаачлагч иргэн Ц.Ганхуяг  онцлон хэлсэн юм. 

Хэдийгээр хүйтэн салхитай, жиндүүхэн өдөр байсан ч мод тарихад 300 гаруй иргэд оролцов. Тухайлбал албан газар, хамт олноос гадна ДХИС, 71 дүгээр сургуулийн сурагчид, мотоциклийн клубын залуус нэгдэн гар сэтгэл нийлэн мод тарьлаа. Мод тарихаар ирсэн иргэдэд зууш зэхэж, дулаацуулах халуун цай, сүүгээр үйлчилсэн бүсгүйчүүд бол “Ээжүүдийн болзоо” фэйсбүүк группынхэн байв. 

Намар оройдоо тэрүүхэн зуураа мэлтэлзэн харагдаж байгаа энэ булаг зуны улиралд ахмад настнуудын очих дуртай газар гэнэ. Дотор эрхтэнд сайн гэж настнууд ам сайтай. Энэ орчмын хүүхдүүд дулааны улиралд өдрийг өнгөрүүлдэг цөөн газрын нэг гэдгийг хорооны ажилтанд дурдав. Хороо дүүргээс Гүнжийн булгийн усжуулалт, хогны асуудлыг шийдэхээр болсонд олзуурхаж байна гэлээ.
Нээлтэд СТА Б.Чанцалдулам, Х.Эрдэнэцэцэг нар ирж ая дуугаа өргөсөн юм. Б.Чанцалдуламын хувьд энэхүү төслийг дэмжиж, уриалж ирсэн уран бүтээлчдийн нэг юм.

“Гүнжийн булаг”-ийг ийнхүү цэцэрлэгжүүлэхэд "Чинагийн Галсан" сангаас 1000 модны суулгацыг хандивлалаа. 10 гаруй жилийн сая мод тарихаар зориглосон түүний үйлсийг үр хүүхдүүд нь дэмжиж, “Чинагийн Галсан” сан байгуулжээ. Энэ сан мод үржүүлгийн газартай, хандивласан үрсэлгээний ихэнхийг өөрсдөө тарьж ургуулдаг. Ихэнх нь ажил борлуулсан номныхоо орлогоор санхүүжиж буй. “Зүгээр нэг мянган мод биш. Олон жил асарч тэтгэсэн, хүнээр бол тусад орсон модоо энд тарьж байна” хэмээн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Галсан гуай онцлон хэлсэн. 

Үрээр тарьж, 2-3 жил өөр газар шилжүүлэн суулгадаг учраас хаана ч тарьсан ч 70-80 хувь нь ургадаг талаар их зохиолчийн хүү, "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү ярилаа. Арваад жилийн өмнө мод тарих уу гэж асуувал ашиггүйгээс хойш гээд цааргалангуй хүлээн авдаг байжээ. Харин сүүлийн үед ногоон байгууламжийн ач тусыг ойлгодог, мод тарих хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн гэлээ. Тэрбээр иргэд мод тарихдаа юун дээр алддаг талаар ярихдаа “Мод жижиг тусмаа үндэс нь урт байдаг тул ургах магадлал өндөр. Эсрэгээрээ өндөр модны үндэс бутны чинээ л жижиг тул газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авч чаддаггүй” гэв. Улирлын хувьд намар орой мод тарих нь хамгийн тохиромжтой үе гэнэ. Энэ үед үрсэлгээ, суулгацууд “унтаж байдаг”. Тэд хавар өөр газар сэрж, тэрхүү хөрсөндөө илүү дасан зохицож ургадаг байна. Модыг “унтуулж” тарьдаг нь ийм учиртай. 

Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Галсан хүү Г.Галтайхүүгийн хамт

Аав хүү хоёрын энэхүү том үйлсийг эхлүүлснээс хойш олон том ажлын ард гарчээ. Сая мод тарих амлалтаа бараг биелүүлсэн өвгөн гүүш дараагийн сая мод тарих ажлаа ирэх жилд эхлүүлэх төлөвлөгөөтэй яваагаа ч дуулгасан билээ. Хүн өөрөө зүтгээд хичээгээд байвал байгаль хүртэл цуг зүтгэдэг юм байна гэдгийг туршлагаасаа олж мэдсэн тэдний яриа олон хүнд мод тарих урам зориг өгсөн болов уу. 

Сонирхуулахад энэхүү газрын нэр Монголын ноёнд хатнаар өргөмжлөгдөн Манжийн үзэсгэлэнт гүнжийн түүхтэй холбогддог. Гүнж энэхүү булгийн уснаас ундаалж, усанд нь тольдоход үзэсгэлэн гоог нь таашаах мэт булаг улам булиглан бургилдаг байжээ.Гүнжийг буцаан авахыг санаархахад монгол ноён хайртай гүнжтэйгээ Тэрэлжийн нэгэн сүмд очиж тэндээ хамтдаа насан эцэслэжээ. Гүнж гэрээслэлдээ монгол хүн адил энэ газар шороонд мөнх нойрсохыг хүссэн түүхтэй аж.Үүнээс хойш амнаас ам дамжин Гүнжийн булаг хэмээн нэрийдсэн болохыг домог өгүүлнэ.

 



“Гүнжийн булаг"-ийн нээлтийн үеэр МУСГЗ, зохиолч Чинагийн Галсантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Өнөөдөр хүйтэн жиндүү ч гэсэн “Гүнжийн булаг”-ийн орчимд мод тарихаар олон хүн хүрэлцэн иржээ. Мод тарих хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдээд байна уу даа гэж хардаг. Танд хэр анзаарагдаж байна вэ?

-Өнөөдөр ёстой л хүний зориг тэвчээрийг шалгасан хүйтэн өдөр таарлаа. Зорилготой хүн хүйтнийг хүйтэн, халууныг халуун, холыг хол, хатууг хатуу гэж цааргалахгүйгээр даваад л гардаг учиртай.

Ер нь их үйл эхлэхийн өмнө ийм л байдаг юм билээ. 2012 оны 4 дүгээр сарын 12-нд бороожуулах төхөөрөмжөө анх босгосон өдөр дөрвөн хэмээр буурсан, тэнгэр хуйсганасан өдөр байв. Тухайн үед орчлонгийн сүнс бидний их үйлийг мэдрээд бидэнд илгээсэн дохио гэж ойлгосон. Энэ өдөр хүйтнийг үл ажран мод тарихаар чин сэтгэл гаргасан энд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд гялайлаа. 

Хэрэв энэ өдөр манай улсын иргэн бүр мод тарьвал Монгол оронд маань 3 сая 300 мянган мод нэмэгдэнэ шүү дээ. Хэрвээ нэг хүн 10-ыг бүр 100-г тарьвал бүр гайхамшиг болно доо. Мод тарина гэдэг үгээр хэлэх аргагүй буянтай үйл шүү хүүхдүүд минь.


-Хүмүүс хэдхэн мод тарьдаг байхад та нэг сая мод тарина гэж ам гарсан хүн. Сая мод тарина гэдэг амар ажил биш. Та яагаад энэ ажлыг эхлүүлсэн юм бэ?

-Би эх орондоо сая мод тарина гээд шарандаа хэлчихсэн хүн. 90-ээд онд Монголын бүх ой модыг хядаад дүнз болгоод Хятад руу вагон вагоноор нь зөөж байлаа. Сүхтэй нь сүхээ, сэлэмтэй нь сэлмээ, хөрөөтэй нь хөрөөгөө бариад хэнээс ч өөрийгөө хамгаалахгүй байгал руугаа дайрчихсан. 

Сүүлдээ бүр Хэнтийн ногоон хөвч рүү орчихоод 40-50 настай модыг ургаагаар нь булгалаад эхэлсэн. Түүнийгээ Улаанбаатарын төв талбайд тарьж эхэлсэн. Гэтэл тэр мод нь 3-4 жил болоод үхдэг. Энэ нь унаган хөрснийх нь шим шүүс нь дуусаад үхэж байгаа хугацаа Ингэхдээ нэгэн модондоо хүний санаанд оромгүй их мөнгө төсөвлөж авдаг сурагтай.

Амьдрахын төлөө бүхнийг хийсэн тэр хүмүүсийг буруутгах ч бас хэцүү. Хэн буруутай гэвэл тухайн үеийн төр засаг л байх даа.

Бүгд л авахын өвчин тусчихсан байхад “Би авахгүй, өгнө” гэж өөртөө амласан. Ингээд өөрийнхөө оюуны хөдөлмөрөөс олсон мөнгөөрөө нэг сая мод тарьж өгнө гээд бардам ам гарсан. Хэлэхдээ юу гэж дотроо бодсон гээч…?


-Юу бодсон бол?

-Гуяа ганзагласан зохиолч, үзэг төдийхөн хөдөлгөдөг өвгөн сая мод тарина гэж амлахыг сонсоод чинээлэг эрхмүүд, тэрбумтнууд үүнээс ч том тоо хэлж хөдөлнө гэж төсөөлсөн. Бараг тэрбум мод тарина гээд гараад ирэх болов уу ч гэж бодсон, гэтэл үгүй юм аа. Тэр хүмүүсээс хэн нь намайг дуурайсангүй, олсон мөнгө гадагшаа л үрдэг улс бололтой. 


-Одоо эргээд харахад 900 гаруй мянган мод тарьчихаж. Том ажлын ард гарчээ…?

-Эх орондоо нэг сая мод тарина хэмээн дэлхийд ам гарснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Яахав, миний бодсон шиг томчууд, хөрөнгөтэйчүүд нь намайг дуурайгаад хэдэн мянгаар нь мод тарьсангүй л дээ. Гэхдээ эргээд бодох нь ээ, би тун зөв хөдөлжээ. 

Энэ намар тарьсан моддыг оролцуулахгүйгээр 930 мянган модыг Монголынхоо газар шорооны хөрсөнд ургуулаад байна. 

Ирэх жилд улс хувьсгалын 100 жилийн ой болоход бид 2 дахь сая модоо тариад эхэлчихсэн байх болно. 10 гаруй жилийн ногоон байгууламжийн талаар ойлголт тун муутай байв, ном ч их уншиж судлав. Ингээд өөрийн туршлагаараа модоо тарьж явна. Одоо ч бараг модны профессор гэж хэлэхээр болжээ. /инээв/


-Энэ том ажлын ард гарах гэж их бэрхшээлийг туулсан болов уу..?

-Би бэрхшээл тоочих дургүй хүн. Бүтнэ л гэж бодсон бол бүтдэг тавилантай хойно. Зохиол бичих амаргүй ажил, харь гадаад хэлээр зохиол бичих бүр ч төвөгтэй. Үүнийг туулж гарсан би энэ хэдэн мод тарих ажлын ард гарчээ. Ямар ч намын дэмжлэг авсангүй. Би Монгол гэдэг ганцхан л намын гишүүн гэж өөрийгөө боддог. Бусад хүнийг ч бас ингэж бодоосой гэж хүсдэг.


-Байгалиа хайрлая гэж ярьдаг. Үүнийгээ яаж бодит ажил хэрэг болгох ёстой вэ?

-Бүтээж л хайрлана. Гэхдээ үйлдлээ ухамсарлах ёстой. Жишээ нь мод тарихдаа хэлбэрдэх биш ном ёсоор нь тарихад учиртай. Болж өгвөл жилийн өмнө мод тарих нүхээ ухаад үлдээчих хэрэгтэй. Нэг зуны бороо нэвчиж, элдэв шороо тэнд хутгалдсан байх нь чухал. Ингэсэн цагт тарьсан моднууд чинь заавал ургадаг. Мод гэдэг чинь дутуу төрсөн хүүхэдтэй л ижил арчилгаа шаарддаг. Бас модтойгоо ярьж, илбэж таалбал бүр ч сайн ургадаг, бүхнийг мэдэрдэг. 

Ургамал мод хөгжимд дуртай гэдгийг европын эрдэмтэд аль эрт баталчихсан хойно. Надаас мод авч тарьсан айлуудыг ажигладаг, заримынх нь гэрээр орж гарна аа. Эвтэй, тусархаг, нийцтэй айлын тарьсан мод заавал ургадаг юм билээ. 



-Таныг хогийн цэг байсан газрыг ойжуулсан гэдэг. Тэр түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний амьдран суудаг газар та бүхэн очоод хараарай, хүүхэд минь. Анх хогийн овоо байхад хогийг нь ачиж, цэвэрлэн тухайн үед 13 сая төгрөгөөр худалдан авч байлаа. 17 жилийн өмнө мөнгө ханштай байсан үе шүү дээ. Ингэж авсан газар минь зуны халуунд сэрүүцэх сүүдрэвчтэй, өвлийн хүйтэнд хоргодох байртай ногоон шугуй, үрсэлгээний талбай болсон. 

Ахиж, өтөлж буй насандаа би байгуулсан ногоон шугуйдаа жаргаж сууна даа. Миний үр хүүхдүүд ч бүгдээрээ байгальд хайртай, мод тарьдаг хүн болцгоож дээ.


үний орчлонд үлдээгээд явах цөөхөн зүйлийн нэг мод гэж боддог. Таны тарьсан ой модыг хараад хойч үеийнхэн юу бодоосой гэж та хүсдэг вэ?

-Олны танил эрхмүүд, улс төрчид орон нутагтаа очоод л суварга босгож байгаа харагддаг. Ажаа гэгээнтэн “Монголд суварга биш хүүхдийн эмнэлэг хэрэгтэй” гэж ярьсныг сониноос олж үзсэн. Мөн ч үнэнийг хэлжээ

Өөртөө босгосон хөшөө минь тарьсан моднууд билээ. Магадгүй 100 жилийн дараах хүүхдүүд аав, ээжээсээ “Тэр их ногоон ой урьд нь байсан уу, ургуулсан юм уу” гэж асуух биз ээ. Тэр үед түүх мэдэх нэгэн нь “Үгүй дээ хүү минь, өмнө нь энэ их мод байгаагүй юм. 100 жилийн өмнө нэгэн зохиолч байсан юм гэнэ лээ. Сая ширхэг мод тарих ажил санаачлаад олсон бүх мөнгөө мод болгосон юм. Тэгээд тэр тарьсан моднуудаа миний хөшөө гэж хэлжээ. Энэ ой модыг бүтээсэн хүнд бид талархах учиртай” гэж ярих болно. Мод тарьсан ачлалыг минь санан сүү цайныхаа дээжээ миний сүнс рүү өргөвөл би тэнгэрээс хараад малийж инээж зогсох юм болов уу гэж боддог юм даа.