Эмчид хандаж байгаа бага насны хүүхдүүдийн 70-80 хувь нь шүд ам, эрүү нүүрний гажигтай байна. Шалтгаан нь хүүхдүүд хатуу зүйл идэхээ больсон, багаас нь хоол хүнсийг нь буталж өгч сургасантай холбоотой ажээ. Энэ сэдвээр Нийслэлийн шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн нүүр амны гажиг заслын эмч Ч.Энхжинтэй ярилцлаа.

-Сүүлийн үед эрүү нүүрний гажиг ихэссэн гэж эмч нар ярьдаг. Голдуу ямар гажиг их илэрч байна вэ?

-Шүд, ам, эрүү нүүрний гажиг удамшлын болон удамшлын бус гэсэн хоёр янз байдаг.  Үүсэх шалтгаан нь янз бүр. Сүүлийн үед үзүүлж байгаа хүүхдүүдийн ихэнхи нь уруулын хөвч богинотой, уруул тойрсон цагираг булчингийн хөгжил сул хөгжсөн байдаг. Бас удамшлын гаралтай шаамий зуулт давамгайлах болсон. 

-Хоол хүнсээс шалтгаалж шүд амны гажиг үүсэх үү?

-Хоол хүнс нөлөөлөлгүй яахав. Хатуу юм идэхгүй байснаас болж хүүхдийн эрүү нүүрний яс, булчин нь хэвийн хөгжиж чаддаггүй. Тэр хөгжөөгүй хэт жижиг ясан дээр шүднүүд нь багталцахгүйгээс наана цаана байрлаад ургачихдаг. Үүнээс болж л гажиг үүсдэг. Эцэг эхчүүд сүүн шүд хорхойтсон ч дахиад ургачих юм чинь гээд зөнд нь орхичихдог. Гэтэл хүүхэд бага зэрэг хатуухан зүйл зажилах гэхээр цоорсон шүд рүү орж зовиурладаг. Үүнээс болоод хоолоо зажилж, буталж идэх дургүй болчихдог талтай. Үүнийг мэргэжлийн эмч нар зажлах үйлийн алдагдал гэж нэрлэдэг. 

-Хэдэн наснаас нь эмчид хандвал илүү үр дүнтэй байдаг вэ?

-Хүмүүс бага наснаас нь л гажгийг засвал үр дүнтэй гэж ойлгодог. Шаамий зуулт дээр эрт эхэлвэл сайн гэдэг ч гэсэн тухайн хүүхдийн байнгын шүднийх нь тавин хувиас дээш гарсны дараа л эмчилгээ хийлгэж эхэлбэл үр дүнтэй. Үндсэндээ шүд нь ачааллыг даах чадвартай болсны дараа эмчлүүлж эхэлнэ гэсэн үг. Эхлээд рентгэн зураг авахуулж байж эмчийн зөвлөгөөгөөр боломжтой цагт нь эхлүүлдэг. Хэт бага наснаас аппарат зүүгээд эхэлбэл дараагийн шүдний ёзоор нь богиносдог талтай. Хэрэв ясанд сууж байгаа ёзоор нь богино болчихвол шүд хэврэг болж булгарах, мултрах аюултай. Тиймээс хэт эхлэхийг зөвлөдөггүй.

-Тэгвэл хэдэн наснаас аппарат зүүж эхлэх ёстой вэ?

-Зарим хүмүүс гажиг үүсчихлээ гээд хоёр гурван настай хүүхдэдээ аппарат зүүлгэх гэдэг. Энэ насны хүүхэд нэгдүгээрт гажиг засдаг зэмсэгээ зүүж чадахгүй. Хоёрдугаарт зүүхэд тийм таатай биш учраас багаасаа аппаратнаас залхчихдаг. Үүнээс болоод хүүхэд аль хэдийнэ өвдөлтийг мэдэрчихсэн, залхчихдаг  учраас том болсон ч эмчлүүлэх дургүй болох хандлагатай. Анхан шатны үзлэг бол зургаагаас дээш насанд үзүүлэхэд тохиромжтой. Гажиг засал дотроо гурав хуваагддаг. Урьдчилан сэргийлэх боломжтой, зэмсэгийн тусламжтай засагдах гажиг мөн зэмсэг болон мэс засал хавсарсан гажиг гэж бий. Үүнээс эрүүний ясны хэт их хөгжил, эсрэгээ ямар ч хөгжилгүй тохиолдолд насанд хүрсэн хойно мэс заслын эмчилгээтэй хавсарч хийвэл үр дүнтэй.

-Гажиг засах зэмсэг зүүвэл хэр хугацааны дараа засагдах вэ?

-Гажиг засах зэмсэг хэрэгсэлээ хэр удаан хугацаанд, идэвхжүүлж тогтмол зүүж чадаж байгаа эсэхээс хамаараад үр дүн нь харилцан адилгүй байдаг. Зэмсэгүүд маань дотроо олон янз. Ерөнхийдөө үйл зүйн зэмсэг өндөр үр дүнгээ сайн өгч байгаа нь анзаарагддаг. Тухайн хүүхдийн шүдийг айхтар татаж чангалаад байхгүй ч  булчингийн  хүчийг ашиглаад булчингийн хөгжлийг зөв болгочихоор гажиг нь аяндаа засарчихдаг.  Жишээлбэл шаамий зуултын үед зүүдэг зэмсэг хүүхдийн хацар болон ам тойрсон булчингуудыг суллаад хэлийг нь зөв байрлуулаад хазалтыг нь өндөрлөөд өгчихдөг. Ингэснээр өсч бойжиж байгаа хүүхдийн бие организмын үйлийг нь дэмжээд өгөхөөр амархан засарна. Өөрөөр хэлбэл булчингийн хүчийг нь ашиглаж байгаа хэрэг.

/Гажиг заслын авагддаггүй зэмсэг/

-Эрүү нүүр, амны гажигаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Зургаагаас дээш настай хүүхдийг заавал эрүү нүүрний гажиг заслын мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.  Үүнээс эмч тухайн хүүхдийн шүд ам, эрүү хоншоорны хөгжил ямар байгааг нь тодорхойлж хэмжилт хийж эмчилгээ хийлгэх эсэхийг шийддэг. Манайхан ихэвчлэн урьдчилан сэргийлж үзүүлдэггүй. Нэгэнт засах боломжгүй хүндэрсэн хойно нь ханддаг нь хамгийн том алдаа. 

-Аппарат зүүж байгаа хүмүүс юун дээр анхаарал алдаж байна вэ?

-Нэгэнт зэмсэг зүүсэн бол тогтмол эмчийн хяналтанд үзүүлж байгаарай. Ялангуяа 12-оос дээш насанд авагддаггүй зэмсэг зүүдэг учраас хоол хүнсний дэглэм барьдаг. Учир нь энэ төрлийн аппарат шүдний гадарга дээр наалддаг учраас хэт хатуу юм идэхэд уначихдаг.  Тиймээс энэ үед хийжүүлсэн ундаа ууж,  ааруул  идэхгүй байхыг зөвлөнө. 

-Аппарат зүүгээд ч үр дүн гарахгүй байх тохиолдол байх уу?

-Эхлээд тухайн хүүхдийн рентгэн зураг аваад хэмжилт хийдэг. Энэ хэмжилтээр ясны гаралтай гажиг үүссэн бол дан ганц зэмсэг зүүгээд засардаггүй.  Тиймээс хагалгаатай хавсруулж эмчилвэл өндөр дүн нь 100 хувь байдаг. Магадгүй тухайн эмчлүүлэгч хагалгаа хийлгэхийг хүсэхгүй бол аппаратаар 50 хувийн үр дүнд хүрэх эмчилгээг сонгож болно. Тухайн хүний гоо сайхны эмчилгээ учраас өөрөө л сонголтоо хийдэг. 

-Гажигийг дасгалаар засах боломжтой юу?

-Насанд хүрсэн хүний хувьд дасгал ямар ч үр дүн өгдөггүй. Харин 12-оос доош бага насныхан дасгал хийж үүссэн гажигийг засч болно. Эхлээд хүүхдээ үзүүлж хэл уруул, ам тойрсон булчингийн дасгалуудаас тухайн хүүхдэд тохирсныг нь хийлгэдэг. Бас хатуу зүйл идэх нь ч дасгал болно шүү дээ. Манайхан хатуу гэхээр ааруул ээзгийгээр хязгаарлаж ойлгоод байдаг. Түүхий лууван, алим ч идэж болно. Лууван зажилахад бидний ам тойрсон зажлуурын булчин маш идэвхтэй ажиллаж эхэлдэг. Ингэж зажлуурын булчингаа хаана сайн ажиллана тэр хэсгийн ясан дээр цусан хангамж сайжирдаг.  Хэрэв үүдэн хэсгийн шүд нь бөөгнөрч ургаж эхэлсэн бол мэрэх зулгаах үйлдэл хийх нь илүү үр дүнтэй. Хавирганд ямар ч мах үлдээхгүй мэрүүлэх, тараг уусны дараа аяга долоолгодог бидний уламжлалт зан үйл амны булчинг хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой юм. Одоо бол тараг уучихаад аягаа долоодог хүүхэд ховор болсон байх аа. 

-Тэгвэл хэт хоолыг буталж идэх нь мөн л сөрөг нөлөөтэй байх нь ээ?

-Хүүхдээ хайрлаж байна гээд зарим буруу дадал суулгачихдаг. Жишээ нь хүүхдийнхээ хоолыг үргэлж буталж өгч байна. Энэ нь эргээд л ам тойрсон булчингийн хөгжил султай болгож, эрүү амны гажиг үүсэх шалтгааны нэг шүү дээ. 

-Шүд ам, эрүү нүүрний гажиг үүсгэхгүй байх энгийн арга юу?

-Хамгийн анхны урьдчилан сэргийлэх арга бол шүдээ эрүүл байлгах. Эрүүл шүдтэй хүн хоолоо зажилж, буталж иднэ. Ингэснээр тухайн хүний булчингийн хөгжил зөв явагдаж байдаг. Хэрвээ хүүхэд чинь шүд нь хорхойтоод авахуулсан бол тэрхүү шүднийх нь орон зайг хадгалдаг зай баригч зэмсэг суулгуулаарай. Тэгэхгүй бол авсан шүднийх нь ар талын шүд ханарч унаж жигд байдал нь алдагддаг. Ингээд л дараагийн шүд ургах зайгүй болсноос гажиг үүсдэг.  Хүүхэд байхад нь гажгийг нь засвал эдийн засагт ч хэмнэлттэй, тэгээд ч хугацаа хожно.