Тэр бол өнөөгийн хэллэгээр жинхэнэ ЖДҮ-чин. Мотоспортод хорхойтой, аялах хоббитой, ажил амьдралын хором бүхэндээ дурлаж ирсэн нэгэн. Монголын анхны стиль имижийн зөвлөх үйлчилгээний компани болох "Стилетто" студийг ажлуулж байхдаа үндэсний брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл тэмүүллийг өвөртлөжээ.

Харин одоогийн "Гилгэрэм" брэндийг үүсгэн байгуулах санаа нь түүнийг анхны хүүхдээ өлгийдөн авч, ээж болох үетэй нь зэрэгцэн төрсөн аж. Хөл хүнд байхдаа эгчийнхээ гэрийн аргаар бэлтгэж өгсөн тосны ачаар язралтгүй төрсөндөө олзуурхан нярайдаа түрхэж өгөхөөр дахин хийж өгөхийг хүсчээ. Гэтэл өнөө шидэт тос нь тэмээний чөмөгний тос байсныг олж мэдэв. Ингээд гэр бүл найз нөхдийнхөө тэмээний чөмөгний тосыг хэрхэн ашиглаж ирсэн мэдлэг туршлага болоод эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг судлаж эхэлжээ. Ийнхүү хоёр жилийн өмнө нярай хүүхэдтэй хоёр гэрийн эзэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй охин нэгдэв. Бизнесийн анхны санхүүжилтээ олоход тэдэнд амар байсангүй.Тиймээс тэд машинаа зарж, мөн хүүтэй мөнгө зээлж нийт 16 сая төгрөг босгож байсан гэдэг. "Гилгэрэм" брэндийн мэндэлсэн түүх товчхондоо ийм. 

Бизнесээ эхлүүлээд хоёр жилийн ард гарсан энэ шавилхан бүсгүй “Анх төсөөлсөн амжилтдаа хараахан хүрээгүй боловч хувь хүнийхээ хувьд чамгүй хөгжсөн. Хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсоод хайр, талархлаар дүүрдэг. Романтик сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ л маш их хайранд умбадаг” хэмээн инээмсэглэн ярьж байна. Биднийг уулзахад "Гилгэрэм" брэндийн хамт олон АНУ-ын зах зээлд Монгол бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор хоёр ч бизнес төслийн уралдаанд оролцож, 200 гаруй төслөөс шалгарч ангилалдаа тус бүр 1-р байрт шалгарч нийт $8,000-ийн шагнал хүртсэн баярт мэдээ дуулгасан юм. Бид энэ удаа түүнийг төсөөлсөн амжилтандаа хүрэхэд нь саад болж буй зүйлсийн талаар ярилцлаа. 

-"Гилгэрэм" брэндээс “Авлигын эсрэг” саван гэж гаргасан. Энэ саванд бас нэг түүх байгаа гэсэн. Манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Энэ саван бол бүтээгдэхүүн биш харин бэлгэдэл юм. Шударга ёс, шударга өрсөлдөөн, нийгэм дэх тэгш байдлыг хүсэмжилсэн дуу хоолой юм. Надад шударга ёсыг хүсэмжлэх олон шалтгаан бий. Тэдний нэг нь миний аавын надад өвлүүлсэн хүмүүжил.

Бага ангийн сурагч байхдаа аавынхаа гэрэл зургийн студид очиж тусладаг байлаа. Нэг удаа аавыг түр гарсан хойгуур хоёр ширхэг хуруу зайг нь зараад мөнгөөр нь жокерийн зурагтай гаа аваад идчихсэн юм. Гэтэл аав мэдээд учиргүй уурлаж “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг юм. Би хулгайч хүүхэдтэй баймааргүй байна” гээд зөндөө загнасан, бүр гэрээсээ хөөнө гэсэн. /инээв/ Гэртээ харих замын турш аавынхаа хойноос дагаад уйлаад л уучлал гуйгаад л гүйгээд байлаа. Ядахад би аавын алхааг гүйцэхгүй дагаад араас нь гүйх шахуу... Би тэр үед 7 орчим настай л байсан байх. /хоолой нь зангирав/ Аав гэрийн гадаа ирээд “Чи надад амла. Ахиад хэзээ ч худал хэлэхгүй бас хулгай хийхгүй гэж амлавал би энэ явдлыг мартая, бас хэнд ч хэлэхгүй” гэж ам өчгийг минь аваад уучилсан. 

Аавын маань үйлдэл тухайн үедээ их хатуу санагдаж байсан ч шударга ёсыг миний амьдралын үнэт зүйл болтол гүн гүнзгий суулгаж өгсөн ёс зүйн хичээл байсан юм. 

Тиймээс би шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй.


-Энэ зарчмыг тань эвдэх зүйлтэй тулгарч байсан уу?

-Өнгөрсөн зун танил ах маань намайг ажил дээрээ уриад тэмээний чөмөгтэй "Гилгэрэм" саванг маань баахан магтлаа. Тэгээд нэг тэтгэлэгт уралдаанд оролцохыг надад санал болгов. Хэрэв түрүүлбэл 90 сая төгрөгийн тэтгэлэг авна, чи 65 саяыг нь ав, ахдаа 25 сая төгрөгийг өгвөл яаж байна гэлээ. Ах нь чамд ингэж л туслая гэсэн. Энэ мөнгийг намайг уралдаанд найдвартай түрүүлүүлэхэд ашиглана гэж тайлбарлалаа. Тухайн үед тэр ах маань надад тус болоод байгаа юм шиг, тэнгэрээс аз завшаан бууж ирсэн мэт санагдаад шууд зөвшөөрсөн. Шаркуудаас гуйгаад бүтээгүй 65 сая төгрөг шүү дээ, ядаж байхад үнийн дүн нь адилхан болохоор шууд барьц алдуулсан. Тэгэж л шударга ёсны ноён нуруу минь нэг удаа хугарсан юм даа. /инээв/


-Тэгээд юу болсон бэ? 

-Аз болж өнөөх ах маань намайг мурьсан. /инээв/ Тэгэнгүүт нь ерөөсөө би өөрөө тэр тэмцээнд нь ороод үзье гэж бодсон боловч бодит байдлыг эргэцүүлж үзвэл надад биш юмаа гэхэд өөр хэн нэгэнд давуу байдал бий болгоно. Иймээс сонгон шалгаруулалт шударга бус болох нь тодорхой байсан. Горьдлого ч тасрав. Ингээд л авлигын хор хөнөөлийг амьдралдаа анх удаа таньж мэдэрсэн дээ. Ардчилалын гурван тулгуурын нэг нийгэм дэх тэгш боломжийг үгүй хийгч нь авлига юм гэдгийг ингэж анх ойлгож мэдсэн дээ. Энэ мэт шударга бус дэмжлэг үзүүлэх санал надад удаа дараа ирж байлаа. Шударга ёсны ноён нуруугаа хугалахгүйн тулд, өөртөө бас өрөөл бусдад сэрэмжлүүлэг болгож "Авлигын Эсрэг Саван"-г хийж, авлигын эсрэг #НэгҮйлдэл аяныг ч санаачлан эхлүүлсэн. 


-#НэгҮйлдэл аяны зорилго юу вэ? 

-Авлига байхаас аргагүй зүйл биш, байх ёсгүй зүйл гэдгийг батлах. Авлигын эсрэг #НэгҮйлдэл аян маань шударга ёс, нийгэм дэх тэгш боломжийг хүсэмжлэгч жирийн иргэдийн үгээ хэлэх, үйлдлээ засах индэр байгаасай гэж хүсч байна. Ард иргэд авлигын эсрэг хуулийн мэдлэгээр чадавхижиж, хүн бүр дор бүрнээ шударга ёсны төлөө #НэгҮйлдэл-ээр нэгдэж, шударга ёс шинэ үеийн залуусын зан байдлын чиг хандлага, тренд болно гэж итгэдэг. 


-Бэрхшээл их, зорилго том юм. Шантрах үе гарах уу?

-Шантрахгүй, шударга бус хандлагатай эвлэрэхгүй. Би тууштай хүн. /инээв/


-Та шаркуудаас санхүүжилтээ авч чадаагүй гэлээ. Тэгвэл бизнесээ өргөжүүлэхийн тулд банкнаас том дүнтэй зээл авч байсан уу?

-Дундаж зээлийн хүү Өмнөд Солонгост жилийн 3.4%, Хятад улсад 4.3% байхад Монголд 20% байна. Хэдий зээл хэрэгтэй байгаа ч мөлжлөгийн хүүтэй зээл хэзээ ч авахгүй. Аягүй бол хүнд суртлын уршгаар зээлийн эдийн засагчид зээлийн 5-10 хувийг хахуульд өгөх болно. Мөлжлөгийн хүү, авлигын өртөг орсон савангаа хэдэн төгрөгөөр худалдаалах вэ,хэрэглэгчдийнхээ нуруун дээр хэдэн хувийн ашиг төлөвлөж үнийн дарамт үүрүүлэх вэ? Үүний оронд удаан боловч органик хурдаараа явах нь үйлийн үргүй гэж боддог доо.


-Монголд үйлдвэрлэлийн бизнес хийхэд авлига, хүнд суртал, зээлийн хүүгээс гадна ямар хүндрэлтэй тулгарч байна вэ?

-Шоовдорлогдох асуудалтай тулгардаг. Мэддэгээрээ савангаараа жишээ татъя. 

Сүлжээ дэлгүүрүүд өөрсдийнхөө импортоор оруулж ирдэг эсвэл хамгийн их борлогддог арилжааны савангуудыг  хамгийн ашигтай байрлалд тусгай өрөлтөөр олон эгнээгээр өрдөг. Гэтэл Гилгэрэм саванг үндэсний үйлдвэрийн бүтэгдэхүүн, эрүүл органик саван, чанартай, үнэтэй зэргийг үл харгалзан шоовдорлож, импортын бараануудад өрөлтийн давуу байдал бий болгодог. Төлбөрийг нь өгье гэсэн ч тусгай өрөлт хийхийг зөвшөөрдөггүй сүлжээ хүртэл байна.

Ингэхээр бид импортын бараатай яаж өрсөлдөх вэ, хэрэглэгчдэд хэрхэн танигдах вэ, хэзээ импортыг орлох вэ. Бодлогоор дэмжээд өгвөл болохгүй зүйлгүй санагддаг. 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тэр дундаа гарааны ЖДҮ-чдийн хувь заяа сүлжээ дэлгүүрүүдийн бодлого менежментээс шууд шалтгаалж байна. 


-Намар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд заавал авчирах ёстой гээд гадаад савангийн нэр заадаг. Үүнийг саван үйлдвэрлэгчийн хувьд хараад ямар бодол төрдөг вэ?

-Энэ бас л дотоодын үйлдвэрлэгчдийг шоовдорлож буй нэг хэлбэр. 

Охин маань өнгөрсөн хавар цэцэрлэгт элссэн. Эцэг эхийн бэлтгэж өгөх бараа материалын жагсаалтыг хараад гайхсан. Ихэвчлэн импортын савангуудыг бүр нэр зааж бичсэн байсан. Би өөрөө саван үйлдвэрлэгч учраас охиндоо төрсөн цагаас нь хэрэглүүлж сургасан органик савангаа өгнө, шингэн саван, тэр дундаа химийн орц найрлагатай саван хэрэглүүлэхгүй гэж хэлээд Гилгэрэм савангаа өгчихлөө. Гэтэл удалгүй багш нь над руу утасдаад "Арга зүйч маань зөвшөөрсөнгүй, заавал нэр дурьдсан шингэн саванг авч ир гэж байна. Хатуу саван тавиулахгүй гэж байна" гэдэг байгаа. Хүүхдүүд дундаа хэрэглэдэг болохоор шингэн саван гэж байгаа юм болов уу гэж бодоод тэрийг нь аваачаад өглөө. Гэтэл хүүхэд бүр өөр өөрсдийн савангаа хэрэглэдэг болж таарсан.Тэгвэл яагаад шингэн саван гэж? Нэр дурьдсан бүтээгдэхүүнүүд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь нотлогдсон бүтээгдэхүүнүүд үү? Ямар шалгууртай нь тодорхойгүй нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Тендер дээр ч ялгаагүй шоовдорлох хандлагатай. 


-Тендер дээр жишээ дурьдахгүй юу?

-Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цэрэг армийн хангамжинд зориулсан хувцас, ахуйн бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой тендер зарлагдсан. Нийт 140 мянга гаруй саванг оо, хөлс дарагч, шампунь зэрэг бүтээгдэхүүнтэй багцалж зарлажээ.

Яагаад энэ бүтээгдэхүүнүүдийг задлаж тус бүрт нь багц болгож тендер зарлаж болохгүй гэж.

Манай улс савангаа, 00-ийн цаасаа, шампуниа үйлдвэрлэж чадна. Гэхдээ нэг үйлдвэр энэ бүхнийг хийдэггүй. Манайх гэхэд зөвхөн хатуу саван үйлдвэрлэдэг. Засгийн газрын 2015 оны 336-р тогтоолд стандарт шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжиж худалдан авалт хийхийг төрийн, төрийн бус, хувийн, олон улсын байгууллагуудад уриалж барааны нэр төрлийг зааж жагсаасан байдаг. 

Дотоодын үйлдвэрүүдээ шоовдорлож, импортлогчдод давуу байдал бий болгодог энэ мэт хандлагуудыг залруулбал ЖДҮ-ийн салбарын хөгжилд үнэтэй дэмжлэг болно.

Бас нэг таагүй жишээ ярихад, өнгөрсөн жил нэг үл таних хүн надтай утсаар холбогдсон. Улсаас зарласан савангийн тендерт шалгарсан тухайгаа яриад үйлдвэрлэж өгөөч гэсэн санал тавьсан. Тэр хүн өөрөө саван үйлдвэрлэгч эсвэл импортлогч биш юм бол хэрхэн тендерт шалгарсан байх вэ, шалгах л асуудал байгаа биз.


-Та тэр захиалгыг хүлээж авсан уу?

-Мэдээж үгүй. Шударга бус байдлыг өөгшүүлж, хайхралгүй өнгөрөөж болохгүй. 

Энэ мэтээр авлигад нэрвэгдсэн манай улсад баялаг бүтээхэд учрах саад их. Гэхдээ би нийгэм сайхан болно, бид нийгмээ сайхан болгож чадна гэдэгт итгэдэг. Зүгээр итгэж найдаад суух биш, шударга ёсны төлөө, нийгэм дэх тэгш боломжийн төлөө, хөгжлийн төлөө бид өөрсдийнхөө хийж чадах #НэгҮйлдэл бүрийг хийх ёстой юм.