Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртсэн билээ.

Тэдний дунд олны танил олон ээж байсны нэг нь дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Эхийн одонгоо энгэрт гялалзуулан зогсохдоо нулимс дуслуулан догдолсон тэрбээр уран бүтээлээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон.

Видео блог хөтөлж, ээжүүдэд урам зориг эрч хүч өгч, амьдралын хэв маяг, хүүхэд хүмүүжүүлэх аргаасаа хуваалцан ярилцдаг тэрээр эхийн одон авсан өглөө буюу өчигдөр ийнхүү өөрийн сэтгэгдлээ Urankholboo фэйсбүүк хуудастаа оруулжээ.

Өнөөдөр өглөө дөрвөн цагт эртлэн бослоо. Яагаад вэ гэж үү? Өмнө Алдарт эхийн одонтой олон сайхан ээжүүдийг таньдаг мэддэг тэднээр бахархдаг байлаа. Харин өнөөдөр өөрөө одонтой ээжүүдийн нэг болж, төрийн тэргүүнээсээ Алдарт эхийн хоёрдугаар одон гардан авлаа. Ихэр охид маань ой хүрч, завгүй ээж би албан ёсоор энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болзолоо хангасаан. Хэдийгээр шагналыг нь би хүртэж байгаа ч тэднийгээ эрүүл саруул өсгөн бойжуулахад халамжит ханийн маань, хайртай аав, ээжүүд, эгч дүүсийн маань тус дэм асар их байсан билээ. Тэдэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас араасаа охин дүү нар дагуулсан Бүжка маань дүү нэмэгдэхийн хэрээр хариуцлага хүлээж, хэрсүүжиж ухаажсаар ирсэн. Ээж, аавдаа ирсэн таван сайхан охиндоо баярлалаа♥️♥️♥️♥️♥️ та нар минь ээжийнхээ хувиршгүй,дундаршгүй их хайрын эзэд шүү.
Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгддэг, тэдний насны онцлог, хувь чанар, сэтгэхүйн онцлогт нь тааруулж харьцах хэрэгтэй болдог. Олон сайхан хүүхэд төрүүлж, тэднийгээ өв тэгш хүмүүжүүлж ирсэн үе, үеийн ээж, аавуудын хөдөлмөрийг өөрсдөө туулаад ирэхээрээ улам бүр бишрэн хүндэтгэх болсон. Үе, үеийн одонт ээжүүддээ, ирэх он жилүүдэд Алдарт эхийн одонг энгэртээ гялалзуулах бүсгүйчүүд, охиддоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Мөн Өнөөдөр баяр нь болж буй өхөөрдөм бяцхан дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлж өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг билээ. Мэдээж залуу гэр бүлүүд боломжтой бол олон хүүхэдтэй болохыг хүсдэг байж таарна. Монголчууд бид цөөхүүлээ. Аль болох олуулаа болж, аль болох нэгнээ хайрлаж дэмжиж чадвал бид өсч, бид хөгжинө гэж санадаг. Хэдийгээр бурхнаас илгээсэн бэлгийг хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд одоо тэдэн хүүхэдтэй болоод тийм одон авна гэж боддоггүй л дээ. Гэхдээ л Алдарт эхийн одонг авсан гэхээр үнэхээр сайхан санагддаг юм байна шүү.  Нэг тийм гэгээхэн гоёхон догдолсон сэтгэлээр би үүнийг бичиж сууна