Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг төрийн өмчит их дээр сургуулийн захирлуудыг хүлээн авч, саналыг нь сонслоо. Төрийн өмчийн 12 их дээд сургуулийн захирлууд дараах саналуудыг сайдад танилцууллаа. 

Сургуулийн захирлууд Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлогын дагуу Эндаумэнт сангийн тухай заалтыг оруулах, Боловсролын тухай хуульд “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон норматив зардлаар санхүүжүүлнэ” гэж заасан ч сүүлийн жилүүдэд хэрэгжихгүй байгааг дурьдлаа. 

Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Оюутны хөгжлийн зээлийн журмын дагуу төрийн өмчит их дээд сургуулиудын хувьд нийт олгогдсон квотынхоо 30 орчим хувьд л оюутны зээлд хамруулсан байна. Зээл авах болзол, нөхцөлийг эргэн харах, зөөлрүүлэх шаардлагатай байна гэлээ.

2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн тоо 18000 орчим буюу өнгөрсөн оныхоос огцом буурч байгаатай холбогдуулан элсэлтийг орон нутагт зохион байгуулах, элсэлтийн босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах асуудлыг ч дурьдав.

Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын 4 их сургуулийг оруулах зорилт тавьсантай холбогдуулан, Олон Улсын эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 300 000 ам.доллар нэхэмжилснийг үе шаттай хэлэлцээний дүнд амжилттай бууруулж 100 000 ам.доллар болгосон. 2020 оноос уг эрэмбэ тогтоолгох чиглэлээр нийт 2 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Энэ зардлыг 2020 оны улсын төсөвт суулгахад дэмжлэг дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тавьсан саналуудтай нарийн танилцаж дахин удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулах боломжтой гэдгийг хэлээд дараах чиглэлээр үүрэг өглөө. 

-Яамны 2019 оны төлөвлөгөө батлагдах гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит бүх их дээд сургуулиуд яамны оролцоо дэмжлэгтэй хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргаж өгөх. 

-Ажлаа нарийн төлөвлөх. Боловсролын тухай багц хуулийн хүрээнд Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэнэ. Иймд гуравдугаар сард багтаан их дээд сургуулийн удирдлагууд ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуул. 

-Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулах саналтай байна. 

-МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС гэсэн дөрвөн сургуулийн удирдлагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг Судалгааны их сургууль болох, цаашлаад хотоос гадна цогцолбор байдлаар байгуулах боломжийг судална. Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ том ажлыг эхлүүлэх нь зүйтэй. 

-БСШУСЯ 2019 оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарлаж байна. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай нэлээд нягт хамтран ажиллана. Багш нарын сахилга хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх, түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц арга хэмжээг санаачил гэлээ.