УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.  

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

"Япон Улсын Засгийн газраас коронавируст халдварын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. 

Энэ хүрээнд “Кови-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. 

Яаралтай тусламжийн зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь болно. 

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллынарга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ" хэмээн Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Т.Доржханд нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт, тайлбар авч, байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүдийн асуултад Сангийн сайд хариулахдаа, өрийн хязгаар хуулиараа 75 хувь байдаг. Монгол Улсын Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ өнөөгийн үнэ цэнээрээ 2016 онд 78.8 хувьтай байсан бол одоо 55.6 хувьтай болж буурсан.

Засгийн газрын зүгээс өрийн бүтцэд нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал харьцангуй эерэг байгаа гэлээ. 

Тухайлбал, өмнө нь өрийн ихэнх хэсэг нь хугацаа богино, өндөр хүүтэй арилжааны зээл байсан. 2016 онд нийт зээлийн 29 хувийг хөнгөлөлттэй зээл эзэлж байсан бол одоо 53 хувьд хүрсэн байна. 2016 онд арилжааны зээл 53 хувь байсныг 23 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсөвт ихээхэн дарамт учруулж байсан арилжааны зээлийг буурлж, бүтцийн өөрчлөлт хийсэн гэдгээ хэллээ. Энэ удаагийн зээл нь “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд авч буй зээл биш гэдгийг тайлбарласан. 

Өрийн асуудалд Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа, сая “Нүүдэлчин” бонд гаргаснаар 10.9 хувийн хүүтэй бондыг5.1 хувийн хүүтэй бондоор сольсон. Ингэснээр хүүгийн зардлыг бууруулж жилд 76 тэрбум төгрөг хэмнэх болсон байна. 

Мөн хугацааг уртасгасан бөгөөд үүний үр дүнд эдийн засаг, улмаар нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь эерэг болно гэв.

Засгийн газрын зүгээс өр, зээл авахгүйгээр дотоод нөөц бололцоондоо тулгуурлан төсвийн асуудлаа шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, энэхүү зээлийн нөхцөл тун ашигтай гэдгийг тэмдэглэн хэллээ. Тэрбээр коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бусад улс орнуудаас авч буй зээл, тусламжийн хөрөнгө, мөнгөний зарцуулалтын талаарх мэдээллийг тодруулж, Сангийн сайдаас хариулт авсан юм.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.