УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өгөв.

Мэдээллийн үеэр тэрээр "Монгол Улсын Засгийн газар ирээдүйд болон ойрын хэдэн жилд эдийн засгийн бодлогыг зөв, оновчтой явуулахын тулд Татварын багц хууль санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ энэ асуудлыг жилийн дараа хэлэлцэж, баталж өгсөн. 

Тус хуулиар ААН-үүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, амьжиргааг нь дэмжихэд чиглэгдсэн өөрчлөлтүүдийг багц байдлаар шийдсэн. Холбогдох хамгийн сүүлийн шинэ журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. Улмаар татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд бэлэн. 

Бизнесмэн зарим УИХ-ын гишүүн энэ чиглэлээр буюу НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг хуулийн төсөл санаачилсан байна. Энэ нь татварын багц реформ хийхтэй уялдаагүй зүйл. Засгийн газар нэлээд урт хугацаанд судалгаа хийгээд, татварын бодлогоо батлуулчихсан. Бизнес эрхэлдэг гишүүн ч олон байна, сонгууль ч дөхөж байна. Тиймээс тэд ийм асуудал тавьж буй юм байна л гэж би ойлгож байна" хэмээлээ.

Сануулахад:

-12 дугаар сарын 23-нд УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ сарын 23-нд НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгох хуулийн төсөл

-12 дугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн барьсан юм.

Сангийн сайдын хэлж буйгаар эдгээр хуулийн төслийг батлан хэрэгжүүлэх боломжгүй аж.