Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилчид болон сайн дурын даатгал төлөгчдийг 10 дугаар сарын 01-н хүртэл НДШ-ээс чөлөөлөх журмыг баталсан.

Журмыг танилцуулсны дараа "Тус журмаар зөвхөн ашиг орлого нь буурсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг НДШ төлөлтөөс чөлөөлөх юм байна. Тэгэхээр ихэнх байгууллага хамрагдахгүй, Засгийн газар иргэд, байгууллагуудыг молигодлоо" гэсэн ойлголт, маргаан үүсээд буй.

Энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ.

Тэрээр "Иргэд болон зарим мэдээллийн хэрэгслээр ойлголтын зөрүүтэй мэдээлэл явж байна. Монгол Улсад татвараа төлдөг нийт 108.800 аж ахуйн нэгж байдаг. Тэдний 99.99 хувь нь НДШ-ийн чөлөөлтөд хамрагдана. Үлдсэн 0.01 хувь нь болох алтны компаниуд хамрагдахгүй. Коронавирусийн энэ үед дэлхийн зах зээл дээр алт хамгийн өндөр үнэтэй байгаа" хэмээлээ.

НДШ-ийн чөлөөлөлтөд дараах 4 бүлэг хүмүүс хамрагдах аж.

1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана.
2. Төрийн бус байгууллагууд хамрагдана.
3. Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд хамрагдана.
4. Сайн дурын бүх даатгуулагчид хамрагдана.
Мөн дээрх байгууллагын ажилчид хамрагдана.


Сангийн сайдын тайлбар мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.