Цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан шүүгчтэй холбоотой асуудлаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Тус хэрэгтэй холбоотойгоор бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл нэлээд гарлаа. Тиймээс тодорхой мэдээлэл өгч байна. 

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12.00 цагт прокурорын дуут хуудсаар талийгаачийг байгууллага дээрээ дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авсан, тухайн цаг хугацаанд явагдаж байсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй зарим газар, объёоктод нэгжлэг хийх шаардлага гарсан. 

Тэгснээр нийслэлийн прокурорын газарт танилцуулж, зөвшөөрөл аваад талийгаачийн гэр, ажлын байр, зуслангийн байрт нэгжлэг хийсэн. Нэгжлэг 14-21 цаг хүртэлх хугацаанд явагдсан. Нэгжлэгийн явцад баримтууд хурааж, үндэслэл болгон тухайн хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж, зайлшгүйгээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл тогтоогдсон. Тухайн шөнийн 23 цаг 58 минутад сэжигтнийг баривчлах тогтоолыг үйлдэж, прокурорт хүргүүлсэн. Прокурорын хуулийн заалтын дагуу шуурхай хугацаанд буюу 00 цаг 40 минутад хэргийн материалтай танилцаж зөвшөөрөл олгосон. 

Үүний дараа талийгаачийг Цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэсэн. Энэ хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагаа явуулсан. Энэ үед тус хэрэгт 4-5 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах үндэслэл тогтоогдсон. Энэ саналаа прокурорт хүргүүлэхэд зөвшөөрсөн. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу 24 цагийн дотор ямар нэгэн зөрчилгүйгээр хийгдэж шүүхэд хүргэгдсэн. 

Холбогдох хэргийг прокурорт танилцуулаад Шүүхийн шийдвэр гараагүй 48 цагийн хугацаа нь дууссан учир суллаж авахаар очиход талийгаачийг нас барсан байдалтай олсон гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Бодит үйл явдал ийм.

Бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломж надад байхгүй. Баримт мэдээллүүд нь бол бидэнд бий. Эдгээр баримттай танилцаагүй байж зарим хүн төсөөллөөрөө асуудалд хандаж байж болзошгүй юм" хэмээн мэдэгдлээ.