Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал E-Mongolia цахим систем болон татварын үйлчилгээний цахим шинэчлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монголын татварын алба Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа цахим болгох чиглэлд анхаарч  ажиллаж байна. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэддээ хүнд сурталгүй, шуурхай үйлчилгээг төрөөс үзүүлнэ гэж тусгасан. Мөн татвартай холбоотой бүх үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ гэж заасан. 

Монголын татварын албаны хувьд 2019 оноос татварын шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй уялдуулж Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд өмнө нь татварын албанд тус тусдаа жижиг программ хөгжүүлж ажиллдаг байсан бол одоо бүгдийг нь нэгтгээд, дээрээс нь төрийн бусад байгууллагын системтэй уялдаатай, нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг болсон. 

Татварын үндсэн 5 үйл ажиллагаа байдаг.

1. Татвар төлөгч татварын албанаас бүртгэгдэх үйл явц байдаг. Улмаар татварын албаны дараагийн үйл ажиллагаа эхэлдэг. Өмнө нь бизнес эрхлэгч, иргэн заавал татварын албанд биеэр ирж бүртгүүлдэг байсан бол одоо тухайн байгууллага Улсын бүртгэлд бүртгэгдсэн даруйд мэдээлэл нь Татварын алба руу шууд цахимаар бүртгэгддэг системийн нэвтрүүлсэн. Үүний үр дүнд татвар төлөгчид Татварын албанд ирэх шаардлагагүй болсон. Тухайн бизнес эрхлэгч шинээр бүртгүүлэх юмуу үйл ажиллагаанд нь нэмэлт орсон нөхцөлд Татварын албанд ирсэн бүртгэлийн дагуу сургалт орох боломжтой. 

2. Бүртгэгдсэн татвар төлөгч хуулийн дагуу тайлангаа өгөх ёстой. Бүх тайланг цахимаар авдаг системийг нэвтрүүлсэн.

3. Илгээсэн тайлан нь үнэн, зөв эсэхийг Татварын алба тухай бүрт нь Хур системээр дамжуулан холбогдох бусад төрийн байгууллага, мэдээлэлтэй тулгаж үзэж хянадаг. Буруу байвал алдаатай байна гээд татвар төлөгч рүү буцааж явуулдаг. Өмнө нь тайлан ирүүлсэн л бол буруу ч, зөв ч хүлээж аваад дараа нь хяналт шалгалж явуулж байж буруу зөвийг нь мэддэг байсан. Одоо программ автоматаар буруу, зөвийг нь тайлан явуулсан цагт нь тогтоодог болсон. Ингэснээр бизнес эрхлэгчийн татвартай холбоотой эрсдлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн. "E-Mongolia" цахим засаглалын хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо илүү уялдаатай болсон.

4. Төлөлт - Өмнө нь татвар төлөгч тайландаа үндэслээд өөрөө нэхэмжлэхээ гаргаад банкинд дугаарлаж татвараа төлдөг байсан. Одоо цахим системд шилжсэтэй холбоотойгоор Татварын алба ногдолыг нь хүлээж аваад, автоматаар нэхэмжлэх үүсгээд тухайн татвар төлөгчийн Татварын албанд бүртгэлтэй нягтлан болон захирлын имэйл хаяг руу явуулдаг болсон. Ингэснээр нэг төгрөгийн ч зөрүүгүйгээр нэхэмжлэх ААН рүү шилжинэ. ААН нэхэмжлэх хүлээж авч, QR кодыг нь уншуулаад Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн төлбөрийн бүх механизмаар төлөх боломжтой болсон. 

5. Төлөлтийн дараах хяналт, шалгалт - Өнгөрсөн онд баталсан хуулийн хүрээнд татвар төлөгчдийг сигментээр ангилдаг болсон. Тодруулбал, Жижиг цайны газар ажлуулдаг Дулмаа эгчийг Эрдэнэт үйлдвэртэй адилтгаж болохгүй гэж үзсэн. Улмаар Дулмаа эгчид арай хялбар нөхцөл бүрдүүлэх ёстой гэж дээрх багц хуулийг баталсан. Энэ хүрээнд бичил, жижиг, дунд ААН-үүдийг томруулах, үйл ажиллагааг нь татварын бодлогоор дэмжихээр болсон. Үүний нэг илрэл нь бичил, жижиг ААН-үүдийг шалгаж, акт тавихаас илүү хяналт шалгалтыг заавар зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах чиглэл рүү илүү явуулдаг болсон. Зөвхөн эрсдэлтэй том, дунд ААН-үүдийг шалгадаг хяналтын систем рүү орсон" хэмээлээ. 

Одоо өдөрт нэг минутын дотор цахимаар татварын албанд 6000-7000 орчим татвар төлөгч хандаж, үйлчилгээ авдаг болжээ. Татварын алба 2019 онд цахимаар 422.000 татвар төлөгчид үйлчилгээ үзүүлсэн бол 2020 оны эхний есөн сард 617.000 иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна. 

Татварын үйлчилгээг цахимаар үзүүлдэг болсонтой холбоотойгоор цаг, шатахуун, банкинд очих зэрэгт татвар төлөгчдөөс гардаг мөнгийг хэмнэжээ.

Энэ талаар Б.Заяабал "Үйлчилгээг цахим болгосноор 

  1. Татвар төлөгч бүртгүүлэхтэй холбоотойгоор 112 сая төгрөг
  2. Тайланг цаасаар тушаадаг байхаас 18.5 тэрбум төгрөг
  3. Татвараа банкид тушаахад гардаг зардлаас 2 тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн. Энэ мэт татвар төлөхтэй холбоотой татвар төлөгч талаас гардаг /гарах байсан/ нийт 21 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг үүсгэсэн. Эдгээр мөнгө нь бүгд татвар төлөгчдөөс гардаг байсан" гэдгийг онцоллоо.