Өнгөрсөн зун Шведийн Видостерн нуурын орчмоос найман настай охин 1500 орчим жилийн настай сэлэм олсон тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Бяцхан охин Сага Ваначек гэр бүлийн хамтаар Йёнчёпинг тойрог дахь гэртээ амралтаа өнгөрүүлж байх үедээ уг ховор олдворыг олсон ажээ. Сэлмийг анх 1000 орчим жилийн настай хэмээн мэдээлж байсан бол орон нутгийн музейн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 1500 гаруй жилийн өмнөх үед харьяалагдах нь тогтоогдсон аж.

Сэлмийг олох үед нуурын усны түвшин маш бага байсан нь С.Ваначек эртний зэвсгийг амархан олсонтой холбоотой юм. “Усан дотор ямар нэг зүйл байгаа нь мэдэгдсэн. Түүнийг гаргаж иртэл бариултай зүйл байсан. Тэгээд би аавдаа сэлэм шиг юм харснаа хэлсэн” гэж охин телевизэд ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн байна.

"Охиныхоо олсон зүйлийг эхэндээ саваа юм уу мөчир гэж бодсон бөгөөд нэгэн найзаасаа асуусны дараа эртний олдвор гэдгийг нь олж мэдсэн" гэж охины аав Энди Ваначек сурвалжлагчдад мэдээлжээ.

Түүхийн үнэт олдворыг хадгалж байгаа Йёнчёпинг тойргийн музейн мэдээлснээр, уг сэлэм маш сайн хадгалагдсан байсан аж.Бяцхан охины нээлтийн дараа орон нутгийн музей болон зөвлөлийнхөн тус газарт малтлагын ажлыг эхлүүлсэн бөгөөд тэд гуравдугаар зууны үеийн гоёл чимэглэлийн зүүлт олоод байгаа юм.

“Нуурын ойр орчимд хийж буй судалгааны ажил үргэлжилсээр байгаа ба өөр эртний олдвор хараахан олдоогүй байна” гэж музейн мэргэжилтнүүд мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг