Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841:2020 стандартын сургалтыг хийлээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт хэмжил зүйн газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оноос хойш өнөөг хүртэл оршуулгын үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлээд буй ажлуудын нэг нь өнөөдрийн танилцуулж буй стандарт юм. Уг стандарт нь эрх зүйн баримт бичгийн гол суурь болох юм.

Тус стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлын  юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгсөн. 

Сүүлийн үед зөвшөөрөөөгүй газарт оршуулга хийх, иргэдэд чанаргүй оршуулгын үйлчилгээ үзүүлэх байдал ихэссэн. Энэ нь үйлчилгээний стандарт байхгүйтэй холбоотой юм.

Иймээс оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй оршуулгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.