ЛОНДОН. /BBC/. Их Британийн нийслэл Лондон хотын Хатан хааны эмнэлгийн /Royal Free Hospital/ эмч нар “DeepMind” компанитай хамтран үхэлд хүргэх аюултай, бөөрний өвчнийг дунджаар 14 минутын дотор илрүүлдэг гар утасны програм бүтээжээ.

Бөөрний өвчнийг илрүүлэхийн тулд уг програм хангамж нь цусны шинжилгээний үр дүнг судалдаг байна. Түүнчлэн цусан дахь креатинины хэмжээг тодорхойлдог аж. Креатинин нь амин хүчил-уургийн солилцооны биохимийн урвалын үр дүнд булчинд үүсдэг бодис бөгөөд бөөрний архаг дутагдлыг үүсгэдэг байна. Дараа нь судалгааныхаа үр дүнг диаграмм, графикийн хамт тайлан хэлбэрээр эмч, сувилагч нарт автоматаар илгээдэг гэнэ.

Эмнэлгийн ажилтнууд бөөрний архаг дутагдлыг хожуу үед нь эмчлэх нь бусад амин чухал эрхтэнд гэмтэл учруулж, улмаар үхэлд хүргэж болзошгүй учир энэхүү технологи нь олон өвчтөний амь насыг аврахад тусална гэж найдаж байгаа ажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг