П.Гэндэнгийн нэрэмжит Хэлмэгдэгсдийн музейг өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд нэлээд маргаан үүсээд буй. Зарим нь түүхэн дурсгалт барилгыг нураасныг эсэргүүцэж буй бол зарим нь сэргээн шинээр барих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Уг асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газар, П.Гэндэн сангийн тэргүүн С.Бэхбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд П.Гэндэн сангийн тэргүүн С.Бэхбат "Музейн барилгыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх гэж хэд хэдэн засаг дамжиж хөөцөлдсөний эцэст одоо биеллээ олж байна. Хоёр давхар тус модон байшинг 1930-аад оны үед барьсан, 1960 онд шавардсан. Манай ээжийн санаачилгаар музей болгосон юм. 

1990-ээд оны үед тендер явуулж их засвар хийсэн. Тухайн үед засвар нэрийдлээр доторх үзмэрүүдийг устгасан, засварыг халтуурдаж хийсэн байдаг. Дээвэр нь харахад битүү боловч бүх завсраар нь дотогшоо ус гоождог. Доторх картонон хана зэрэг нь унасан. 2004 оноос би захирлаар ажиллаад доторх самбар зэргийг бүгдийг нь өөрөө хийж байна. Бүгд унасан" гэв.

Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр "Гэндэн сан нь 1652 шоо метр газартай музей, конторын зориулалттай барилга юм. 2016, 2017 онуудад музей, конторын зориулалтаар 22 давхар барилга барих архитектор төлөвлөлт гарч байсан. 

Нэгдүгээр давхарт нь одоо байгаа байшинг музей хэлбэрээр нь хадгалж, шилэн хоргонд байрлуулахаар зураг төслийг манай байгууллагаас батласан байна. Үүнийг Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 17 хүний бүрэлдэхүүнтэй хурлаар оруулсан. Улмаар зураг төслийн дагуу барилга байгууламжийг түр буулгаад буцааж сэргээн засаж, шилэн хоргонд хийх ажил явагдаж байна. 22 давхар барих уг барилгын 1-4 давхар нь шилэн музей, түүнээс дээш давхар нь конторын зориулалттай. Тухайн газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг" хэмээн мэдэгдэв.