Гадаадын орнуудаас эх орондоо ирсэн зарим иргэний ажиглалтад тусгаарлагдах хугацаа дуусч, тусгаарлагдах байрнаас гарчээ. Тэд үргэлжлүүлэн гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж, дэглэм барих үүрэгтэй.

Гэвч зарим нь олон нийтийн газраар явах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил гаргажээ. 

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн 5 хоногт 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан, одоо 2516 хүн байна. Гарсан хүмүүс гэртээ дэглэм барих ёстой. Энэ бол иргэний үүрэг, холбогдох байгууллагууд маш их ярьж, зөвлөж байгаа.

Гэвч зөрчлүүд гаргаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг хүн 2-3 хоног архидан согтуурсан. Түүнийг цагдаагийн байгууллагад хэлсэн, хатуу ярьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна.

Өөрийгөө гэртээ тусгаарлана гэж бидэнд амлаад, баталгааны хуудаст гарын үсэг зурчихаад, олон дахин сануулж хэлсээр байтал иймэрхүү зөрчил гаргах гээд байна. Иймд иргэдэд дахин анхааруулъя. Одоо хамгийн чухал үе. Юмыг яаж мэдэхэв, нууц үе дээрээ байж байгаад олон нийтийн газраар яваад бусдад тараачихвий. Энэ бол бүх хүнд хамаатай. Иргэд хоорондын зай барих зөвлөмжийг мөрдөх шаардлагатай. 

Болохгүй бол тусгаарлалтаас гарсан хүмүүст тусгай тэмдэг наахаар боловсруулсан. Гэхдээ хүний эрх зөрчигдөнө гэж үзээд хүмүүстэйгээ ярьж, хэлэлцээд ойлголцчих болов уу гэсэн байр сууринаас хандаж буй. Гэтэл ойлгохгүй асуудал үүсгээд байна. Иймд хатуухан үзнэ гэдгээ хэлье" хэмээлээ.

Мөн тэрээр "Дараагийн иргэдээ татаж авахтай холбоотойгоор тусгаарлах байрны хүндрэл үүссэн. "Нэг өрөөнд нэг хүн" гэсэн зарчмаар одоогоор 360 орчим хүн хүлээж авах боломж байна. Өнгөрсөн өдрүүдэд ажлын хэсэг явж, олон зүйлийг судалсан. 

Өнөө өглөө Улаанбаатар хотын том зочид буудлуудын эзэдтэй уулзаж, нөхцөл байдлаа танилцуулж, шаардлагаа хэлсэн. Өнөөдөр бидэнд хариугаа хэлнэ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, томоохон зарим зочид буудлыг дайчилна. Үүнээс өөр сонголт байхгүй.

Гадагшаа явж буй иргэд хорио цээрийн дэглэм дуустал эргэж ирэхгүй байхаар ажил, асуудлаа шийдвэрлээрэй. Оччихоод маргааш нь юм уу, долоо хоногийн дараа буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй. БНСУ гэхэд бусад улсаас ирсэн гадаад иргэдийг хоногийн 100.000 воны төлбөртэйгээр 14 хоног тусгаарлаж байна. Энэ мэтийг тооцоорой" хэмээн анхаарууллаа.