Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, ойрын хугацаанд ээлжит тусгай үүргийн онгоц хөөргөх чиглэл өгсөн. 

Иймд бид дөрөвдүгээр сарын 30-нд Сөүлээс, тавдугаар сарын 02-нд Европ буюу Герман улсын Франкфурт хотоос ээлжит тусгай нислэгээ үйлдэхээр боллоо.

Нислэгт өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан зэрэг хүмүүс хамрагдана. Дээр нь Эрүүл мэндийн яамнаас тавьж буй нэг шаардлага бол гаднаас ирж буй иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой.

Гадаадаас эх орондоо ирэх хүмүүсээ татаж ав гэсэн олон өргөдөл гомдол ирж буй. Бид Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтарч ажиллаж байна. Ирсэн өргөдлүүдийн шалтгаан ирсэн хугацаа зэрэгт дүн шинжилгээ хийгээд өмнөх 5 шаардлага, шинжилгээнд хамрагдсан байх, ирээд тусгаарлагдах зардлын асуудлаа шийдсэн байх болзлыг хангасан иргэдийг татаж авна.

Сүүлийн 48 цагийн хугацаанд шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Энэ хугацаанаас өмнө хийсэн шинжилгээг тооцохгүй. Тиймээс бид ес хоногийн өмнө албан ёсоор олон нийтэд мэдээлж байна. Тус нислэгт транзитаар 18-аас доошхи насны оюутныг татаж авна, мөн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Үүнээс дээш насны хүмүүсийг транзитаар татаж авч амжихгүй" хэмээлээ.