Өөрийгөө үр бүтээлтэй, амжилттай байлгахад туслах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Өөртөө итгэлтэй бай!

Өөртөө итгэлтэй байдал амжилтын үндэс болж өгдөг. Өөртөө итгэлтэй удирдагч хүн ажилчид, хамтрагчдынхаа итгэл, хүндлэлийг амархан олж авч чадна. Тэр үргэлж бусдад үлгэр жишээ үзүүлж, илүү ихийг бүтээх сэдэл төрүүлж чаддаг юм. 


2. Хүсэхгүй байвал битгий сонс

Удирдах албан тушаал хашиж байгаа хүн зарим хүний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах хэрэгтэй байдаг. Ажил дээр ч, амьдрал дээр ч өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, зөвлөгөө өгөгчид олон болсон. Таны амжилттай явааг сонссон атаархагчид эсвэл өстнүүд чинь зүгээр суулгүй худал үнэн олон яриа тараах магадлалтай. Хэрэгцээгүй мэдээллийг хаяж сурах хэрэгтэй. Танд хов жив сонсож, хоосон ярианд оролцох цаг зав байхгүй шүү дээ. Ингэх нь мөн өөдрөг сэтгэлгээ, эрч хүчээ хадгалж явахад тустай. 


3. Асуугаагүй үед зөвлөгөө, зааварчилгаа өгөх хэрэггүй 

Ихэнх удирдагчдын гаргадаг нийтлэг алдаа бол хэн ч асуугаагүй, гуйгаагүй үед заавар, зөвлөгөө өгөөд байдаг. Өөрөөс чинь дээд албан тушаалтны нүдэнд та байр сууриа мэддэггүй мэт харагдаж, цухалдал төрүүлнэ. Харин ажилчдынхаа хувьд хүн бүрийн мэддэг энгийн зүйлийг байнга ярьдаг яршиг, төвөгтэй дарга шиг санагдах болно. Таны бүрдүүлэхийг хүсэж байсан удирдагч хүний дүр төрх ийм биш л болов уу. Таниас хэн нэгэн зөвлөгөө өгөхийг хүссэн үед ч хэнд өгөх, өгөхгүйгээ сайтар бодолцож байх хэрэгтэй. Хэтэрхий нээлттэй хандаж байгаад өрсөлдөгчөө өөрийнхөө гараар бүтээчихвий дээ!


4. Жижиг зүйлд анхаарлаа хандуул

Энэ бол амжилттай бизнесмен хүний хувьд маш чухал зан чанар. Жижиг зүйлд анхаарлаа хандуулснаар л юу ч үгүй газраас ашиг олж чаддаг юм шүү. Тухайлбал, таныг ресторанд хоол идэж байх үед салатан дотор хялгас байж. Та энэ тохиолдолд яах вэ? Мэдээж үйлчлэгчийг дуудаж, сольж өгөхийг хүснэ. Нэр хүндтэй ресторан энэ нөхцөлд танаас төлбөр авахгүйгээр барахгүй нэмээд хөнгөлөлтийн карт өгнө. Энэ бол жижиг зүйлийг ажиглаж, түүнийхээ ачаар ашиг олохын хамгийн наад захын жишээ. 


5. Алдаа гарга гэхдээ алдаагаа давтаж болохгүй 

Алдаа гаргаж болно, бүр гаргах ч хэрэгтэй. Хүн өөрөөр яаж хөгжих билээ дээ. Хүүхэд хөлд орохоосоо өмнө олон удаа унаж босдог. Үүнтэй л адил. Хамгийн чухал нь та гаргасан алдаанаасаа суралцаж, дахин давтахгүйгээр цааш явж чадах уу? 


6. Хямдрал, sale-ээс хол бай 

Хямдрал бол мөнгө багатай хүмүүсийг хөдөлгөж чаддаг гол хэрэгсэл. Дэлгүүр, худалдааны төвүүдийн явуулдаг хямдралтай худалдааны цаана чанар муутай бараа бүтээгдэхүүн байдаг: хугацаа нь дууссан, дефекттэй гэх мэт. Бүтээмж сайтай удирдагч хүн брэнд, мода хөөх биш бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг гэдгийг сана. 


7. Бусдын анхаарлыг бүү тат

Гял цал хувцас өмсөх, биеэ зохисгүй авч явах, худал үнэн мэдэгдэхгүй зүйл ярих бол өөртөө анхаарал татах гэсэн хямдхан аргууд. Иймэрхүү олны сонорт байдаг хүмүүсийн цаана олигтой зүйл байдаггүй. Гаднаа гяланцаг дотроо паланцаг. Жинхэнэ ажил хэрэгч хүн хувийнхаа амьдралыг нууцалж, тавьсан зорилгодоо үнэнч зүтгэж, элдэв шалдав үйл явдалд үнэтэй цагаа зарцуулахгүй. 


8. Нийгмийн бүх давхаргад танилын хүрээтэй бол

Бизнес эрхлэгч хүнд тал талын салбарын, олон шат дамжлага дамжсан асуудал шийдвэрлэх хэрэг гардаг. Танилын хүрээтэй байх нь урьдчилан төлөвлөөгүй байсан асуудлыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэх шилдэг арга.


9. Унш!

Их уншдаг хүн ухаантай байдаг. Учир нь тэр уншсан олон олон номноосоо олон янзын амьдралын түүхийг туулж, мэдэрсэн бөгөөд тал талын мэдлэгтэй, үгийн баялаг сайтай мөн ямар ч хүнтэй ярилцсан бай ярианы сэдэв олж чаддаг.


10. Стратегич бай!

Дайнд тактик, стратеги чухал. Бизнесийг дайны талбар гэж авч үзвэл командлагч-удирдагч хүн алсын хараатай байж, асуудлын үндэсийг харж, шийдвэрлэх тактикаа олон нүүдлийн өмнөөс бодож төлөвлөсөн байх ёстой. Өрсөлдөгчийнхөө хийх гэж буй үйлдлийг урьдчилан таамаглаж, бодол санааг нь тааварлаж чаддаг байх хэрэгтэй. Стратагем хэмээх ойлголтыг судлаж үзэхийг зөвлөж байна.