"Амьдралаа өөрчлөх 100 арга Амьдралаа өөрчлөх" номыг тоймлов

Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэцүү, амаргүй байдаг учраас бид бусдаас бэлэн жор хайдаг билээ. Саад бэрхшээлийг хялбархан даван туулж, үлгэрийн мэт ид шидээр хүссэн бүхнээ бүтээх далд хүсэл хүн болгоны дотор нуугдаж байдаг учир түүнд дөрөөлж бичигдсэн элдэв заавар зөвлөгөө, баяжиж хөлжсөн туршлагууд, хувь хүнийг хөгжүүлэх номууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвээрээ.

Хэн нэгний баяжсан туршлага, амжилтанд хүрсэн замаар та явах боломжгүй. Учир нь хувь хүний туулсан зам, хувь заяа хэзээ ч дахин давтагдахгүй. Тиймээс амжилтанд хүрсэн, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хүмүүсийн туршлага, заавар зөвлөгөөг уншаад амьдралаа өөрчилж болох юм байнаа гэсэн урам зоригтой үлдэх байх.

Харин "Амьдралаа өөрчлөх 100 арга" номын хувьд арай өөрөөр, энгийн мөртлөө онцлог санаануудыг тусгасан байна. Нүцгэн үнэнтэй нүүр тулах хэцүү. Амьдралаа өөрчлөх хүсэл байгаа бол таниас заавал золиос шаардана, "өвдөлт"-ийг мэдэрнэ. Өөр арга байхгүй. "Сарын  дотор гайхамшиг бүтээж гоолиг сайхан болох, бодлоороо соронз мэт бүхнийг татах, хүссэнээрээ баяжих, санасанаараа сайхан амьдрах, ангал дээгүүр шууд харайж амжилтанд хүрэх гэх мэт зүүд зөгнөлийн гэмээр санаанууд зохиогч эзнээ л  баяжуулж байдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх.

Амжилтанд хүрэх арга замууд ихэнхдээ бэрхшээл саадыг тойрч гарах тухай л зөвлөдөг бол энэ номонд саад бэрхшээлийг хэрхэн амжилт болгон хувиргаж болох тухай бодит байдалд ойр баялаг жишээнүүд авч, хэрэгжүүлж болох энгийн зөвлөмжүүд өгчээ. 

Амжилтанд хүрсэн хүний туршлагаас азгүйтэл, бүтэлгүйтлийн түүх илүү үр өгөөжтэй ч  байж магадгүй шүү дээ, сургамж гэдэг тун чухал учраас. Авьяасыг уйгагүй хөдөлмөрийн үр шим гэж үзсэн нь нэг талдаа тийм юм.

Бидний гол алдаа нь "Би бусад шиг  авьяасгүй учир мөрөөрөө явья" гэсэн идэвхгүй, мохоо  байдал юм. Сэтгэлийн урам зориг гэдэг өөртөө итгэх итгэлийн даль жигүүр юм аа. Нээрээ ч бодоод үзэхнээ шинжлэх ухаан, урлаг спортын алдартнуудыг угаасаа л цаанаасаа төрчихсөн амьтад гэж бодоод байдаг болохоос тэр ололт амжилтын цаана хэчнээн их уйгагүй зүтгэл, хүсэл сонирхол, нөр их хөлс хүч, золиос  нуугдан буйг олж хардаггүй. Мөн хэчнээн олон хүн өөрийгөө нээж чадааагүйн улмаас хайран сайхан авьяасууд зэвэрч гандан, хөлс хүч нь ашиггүй зүйлд зарцуулагдан "үргүй зардал" болж үрэгдэж дууссаныг бид мэдэх аргагүй. Сэтгэл зүрхээ бүрэн зориулж, эрсдлээс айдаггүй хүн л амьдралаа өөрчлөх шатны гишгүүрийг давж чадна. Унавал чанга унах ч, босохдоо түүнээс ч илүү хүчтэй байж чадах тийм "сэтгэлийн хат"-ыг хэрхэн суулгах вэ, "эрсдэл"-ийг яаж даван туулах вэ  гэсэн амьдралд ойр зөвлөмжүүд байна. "Бүтээх жаргалыг мэдэрсэн хэн нэгэн өөр юунаас ч тэр аз жаргалыг мэдэрдэггүй" гэж суут зохиолч А.Чеховын "Цахлай" жүжгийн баатар хэлдэг. 

Энэ ном угтаа "аз жаргалыг бүтээх" урлагийн тухай зөвлөмжүүд юм. Амьдралаа өөрчилнө гэдэг хүн өөрийнхөө хүссэнээр амьдрах тухай л гэсэн үг шүү дээ. Их үнээр олдсон амьдралын  өөрчлөлт мөн тийм их кайф, сэтгэл ханамж, аз жаргалыг хүнд авчирна. Амьдралд бэлэн жор байхгүй учир энэ номыг уншаад л шууд гэгээрээд, ажил үйлс нь бүтээд явчихна гэж бодвол том эндүүрэл. Их сэтгэгч  Күнзийн "Загас өгөх бус загас барих аргы нь зааж өгөх хэрэгтэй " гэсэн сургаалийг энэ ном баримталсан байна. Би хувьдаа өөрийнхөө амьдралыг өөрчлөх, хорт зуршлаасаа салах гээд чадаагүй  олон удаа  бүтэлгүйтсэн  шалтгаанаа  энэ номноос олж мэдлээ. Өөрийгөө юухнаар ч болов сорьж, дасгалжуулж, өөртөө итгэх итгэлийг байнга суулгаж, ирлэж байх нь амжилтанд хүрэхийн гол үндэс аж. Орчуулгын номын хамгийн гол үзүүлэлт болох орчуулгын чанар чансаа давгүй сайхан, тээрч түгдрэлгүй, гулсаж гулгаад л "орчихлоо".