Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй. Хоёр эрдэмтэй хүн суухаар ахуй гэж байхгүй болдог юм билээ. Би тийм амьдралыг харсан. Ер нь эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм. Учир нь эрчүүд гэдэг чинь өрөвдмөөр амьтад шүү дээ. Хөөрцөглөж яваад согтуу ирээд агсам тавимаар болоход нь эхнэр нь аядуухан байгаад, үнсчихвэл нам болоод унтаад өгнө. Харин үүний оронд “Архинаас гар, чамаас сална, амьдарч чадахгүй” гэвэл улам л асаад байна. Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь л хүнийг хүн болгодог юм. 

Би эр хүн учраас эр хүндээ хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй, ханьтай, охидтой учраас эмэгтэй хүнийг их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад л байвал өнгө ороод л байна. Бас ухаан суугаад л байна. Тэд үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Монголчууд сайн эмийг ингэж шинждэг. “Шивнэж хэлсэн ч дуулдаг, чимхэж өгөвч цаддаг, гэзгэн бие намуухан, гэдсэн бие нарийхан” гэж байгаа юм. Харин муу эмийн шинж нь “Гэзгэн бие сэгсгэр, гэдсэн бие цүдгэр, чихэж өгөвч цадахгүй, хашгирч хэлэвч дуулахгүй” гэдэг юм. Бас эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би “Зовсон сүү”-ндээ “Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг” гэж бичсэн. 

Хүнийг мэлмэртэл нь уйлуулчихаад “За боль, одоо болно” гээд харааж сууж болохгүй. Эр хүн битгий тэгээсэй, харин эмэгтэй хүн зөөлөн байх хэрэгтэй гэж санадаг. Тиймээс л эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү гэж хэлсэн хэрэг.


Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн