Баян-Өлгий аймгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай алба үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, долоодугаар 2-ны өдөр орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт усанд живж амь насаа алдсан байна.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсанд Цагдаагийн ерөнхий газраас эмгэнэл гаргажээ.