УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. 

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс