Бүргэдчин охин нэрээрээ алдаршсан Н.Ашолпон охин хоёр өдрийн өмнө Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залуучуудтай хийсэн  уулзалтад оролцсон байна. 

Тэрбээр энэхүү томоохон уулзалтын үеэр "Би эх орноо Казахстан гэж боддог" гэж хэлсэн нь зарим нэгнийх нь эгдүүцлийг төрүүлээд байгаа билээ. Ашолпан уг мэдээлэлд хувийн фэйсбүүк хаягаараа мэдээлэл хийсэн бөгөөд ийнхүү бичжээ.

Сайн байцгаана уу миний монголын ард түмэн. Хэд хоногийн өмнө миний бие Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Казахсан улсыг АТАМЕКЕН буюу миний өвөг дээдсийн төрсөн нутаг гэж хэлсэн үгийг минь гуйвуулж Казахстан миний эх орон гэж хэлсэн мэтээр бусдад ташаа мэдээлэл түгээжээ. Миний эх орон Монгол. Би Монголд төрж өссөн казах охин. Би энэ сайхан оронд төрж өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Буруу ташаа мэдээлэл тараасан өнөөдрийн үнэн сонин болон sonin.mn сайтын хамт олонд нийтлэлдээ залруулга хийхийг хүсэж байна

Уг мэдээллийг анх Казахстаны мэдээллийн төв агентлаг https://www.inform.kz цацсан бөгөөд мэдээнд тэрбээр "Би Монгол Улсын Баян Өлгий аймагт төрж өссөн. Гэхдээ миний эх орон бол Казахстан гэдгийг хэзээ ч мартахгүй" гээд  Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг нутагтаа урьсан талаар бичжээ.