"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно гэдгийг тус компаниас мэдэгдээд байгаа юм.

Уг мэдээлэлтэй холбогдуулан нийгмийн сүлжээнд энэ сарын 17-оос өмнө хувьцааны дансаа нээлгээгүй бол ногдол ашиг авч чадахгүй гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн дарга Б.Өлзийбаяраас тодруулга авлаа.

-Иргэдийн дунд энэ сарын 17-оос өмнө хувьцааны дансаа нээлгэхгүй бол ногдол ашиг хүртэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг тодруулах гэсэн юм

-Ийм заалт журамд байхгүй. Иргэдийн дунд 1072 хувьцааны ногдол ашгийн сургаар янз бүрийн буруу ташаа мэдээлэл гарах болсон. Тиймээс иргэдийг баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авч, нягтлахыг хүсэж байна.1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Заавал биеэр очилгүй онлайнаар 1,072 хувьцааны дансаа нээлгэж болно. Харин данстай иргэд тухайн бүртгүүлсэн дансаа нягтлах нь зөв.

Хувьцаа тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.

-Зарим иргэд хувьцаагаа авахын тулд заавал брокер дилерийн компанид хандалгүйгээр и баримтын системээр авна гэсэн ойлголттой байгаа. Үүний давуу болон сул талыг дурдахгүй юу?

-Нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан  олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. 

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад дансаа иргэдийн хувьд бэлэн мөнгөний хэрэгцээтэй байгаа учраас заавал данс нээлгэхгүйгээр шуурхай авчихаж болох юм. Гэхдээ ногдол ашгийг зөвхөн өнөө маргаашийн хэрэгцээндээ бус ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.

Монголын хөрөнгийн бирж дээр 200 гаруй компанийн хувьцаа арилжаалагддаг. Алинаас нь ч сонгоод үр хүүхдийнхээ төлөө хөрөнгө оруулж болно. Ингэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу заавал иргэн брокер дилерийн компанид данс нээлгэснээрээ үнэт цаасны арилжаанд орох боломж нээгдэж байгаа юм. Сүүлийн үед эдийн засгийн идэвхжилт суларснаас болоод хөрөнгийн бирж дээр хувьцаа уналттай байна. Энэ үед хувьцаа аваад "дарж" болно. Энэ мэтээр иргэд санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулж, хувьцаагаар ашиг олж сураасай гэж хүсдэг.

-Үнэт цаасны данс нээх үнэ харилцан адилгүй байна. Үүн дээр зохицуулалт бий юу?

-Үнэт цаасны дансыг 20 жилийн өмнө 5000 төгрөгөөр нээдэг байсан. Түүнээс хойш төгрөгийн ханш суларсан, иймээс нэмэгдсэн болов уу. Брокер дилерийн компаниуд 5000-10000 төгрөгөөр данс нээж байгаа. Энэ үнэ дээр манай холбооноос зохицуулалт хийх боломж байхгүй, хувийн хэвшил учраас өөрсдөө үнээ тогтооно.

-Иргэд ногдол ашгаасаа татвар төлөх зохицуулалт бий байх аа?

-Ногдол ашгийн албан татвар гэж бий.  ЭТТ ХК нэгж хувьцаанд 90 төгрөг тараахаар болсон. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын тухай хуулиар 10 хувийг нь авдаг. Ингэснээр таны гар дээр бэлнээр нэгж хувьцаа 81 төгрөг очно гэсэн үг.

Бас нэг хэлэх зүйл бий. 2 сая гаруй иргэдийн хувьцааны ногдол ашиг нэг дор товчлуур дарж мэдээллээ илгээнгүүт орчихно гэж байхгүй. Багагүй ажил болно. Юун түрүүнд үнэт цаасны данс нээлгэсэн иргэд хамгийн эхлээд дансаараа дамжуулж ногдол ашиг авна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгээд байна.