Нэр бүхий бөхчүүдтэй холбоотой нийгэмд шуугиан үүсгээд буй асуудлаар Дархан аварга Х.Баянмөнх, Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Ү.Хүрэлбаатар, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нар өнөөдөр бөхчүүдтэй уулзана гэдгээ зарласан.

15.00 цагаас эхлэх тус уулзалтад Улсын заан Ц.Магалжав, Ү.Хүрэлбаатар, НШШГГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Улсын аварга Ч.Санжаадамба нар ирэв. 

Үндэсний бөхийн холбоо тус уулзалтыг фэйсбүүк хуудсаараа шууд бичлэг хийн цацаж эхлэхэд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилчид бичлэгээ зогсоох хүсэлт тавив. Тэд "Бид ажил үүргийнхээ дагуу шийдвэр тогтоолоо танилцуулъя. Бичлэг хийх шаардлагагүй" гэлээ. Уг хүсэлтийг Бөхийн холбоонынхон хүлээж аваагүй учир Шүүхийн шийдвэрийнхэн болон Ү.Хүрэлбаатар уулзалтыг орхин гарлаа.

Тэднийг уулзалтыг орхин гарахын өмнө Улсын аварга Ч.Санжаадамба "Шууд бичлэг хийгээд ярилцъя. Тэгэхгүй бол зарим хүмүүс намайг Б.Пүрэвсайхан нараас айсандаа эрхийг нь сэргээснийг эсэргүүцэж байна гэж ойлгоод байна. Надад бол айсан зүйл алга" хэмээлээ.

Харин Ү.Хүрэлбаатар "Намайг бөхтэй ямар ч холбоогүй хүн гэж зарим нь ярьж байна. Тиймээс надад энд байх шаардлага байхгүй" гэв. Харин Улсын заан Ц.Магалжав Ү.Хүрэлбаатарт хандан "Дээрх бөхчүүдтэй холбоотой шийдвэрт та хамааралтай учир та уулзалтад зайлшгүй байлцах ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг 2020 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл хоёр жилийн хугацаатай хассан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн олонхын саналаар дээрх бөхчүүдийн эрхийг сэргээсэн нь маргаан үүсгээд буй юм. Ямартай ч өнөөдөр тэд асуудлаа хэлэлцэж, ойлголцож чадсангүй.