Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэ хүрээнд жүжигчин Ж.Баясгалан өнөөдөр Ардчилсан намд гишүүнээр элсэж,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн тус намд дуу хоолойгоо хүргэлээ.

Энэ үеэрээ Ж.Баясгалан "Би хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеэ төлөөлөн энд ирсэн. Хамгийн гол нь бид хөгжлийн бэрхшээтэй иргэдийг дэмжиж ажиллах саналаа Ардчилсан намд тавихдаа нэр томъёоноосоо эхлэх нь зөв гэж үзсэн. Би өнөөдөр тэргэнцэрийн тусгай хэрэгцээтэй болсон. Гэхдээ энэ нь миний хөгжилд, би хөгжихөд саад болж буй асуудал байхгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй биш тусгай хэрэгцээтэй иргэд гэж өөрчлөхийг хүсэж байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж буй 110 мянган иргэн өөрсдийн оролцоо, итгэл үнэмшлийг олж авах боломжтой. Бүх зүйлд төр засгийг муулах шаардлага байхгүй. Тусгай сургуулиудыг байгуулсан, харин хүртээмж муу байгаа. Тусгай сургуульд тэднийг хэн хүргэж өгөх вэ, тусгай автобус, зам байхгүй. Тэгэхээр очиж сурах боломж хомс байна. 

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусад нь сургуульд сургахад улам тусгаарлагддаг. Тиймээс бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг боломж бүрдээсэй гэж би маш их хүсэж байна. Арван жилийн сургуулиасаа тэргэнцэртэй, таягтай, сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй байсан хүүхдүүд ирээдүйд тусгай хэрэгцээтэй хүмүүстэй зөв харьцаж сурна. Эрх тэгш гэдгээ хэн хэн нь ойлгодог болно. 

Миний харж буй энэ өнцгийг Ардчилсан нам дэмжиж, мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ талаар иргэдээс санал асуулга авч буйд нь баяртай байна" хэмээлээ.