Өчигдөр Пакистан улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт явагдсан. Тус улсын баруун өмнөд нутгийн Кветта хотын санал хураах нэгэн байрны гадаа саналаа өгөхөөр цугларсан олны дунд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж 31 хүний аминд хүрчээ.

Балучистан мужийн нийслэл Кветта хотод болсон дээрх дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдсаны зэрэгцээ 35 хүн шархдаад байгаа ажээ. “Шархадсан зарим хүний биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж тус хотын эмнэлгийн дарга Жаффар Какар мэдээлсэн байна.

Дэлбэрэлт болсон газарт саналаа өгөхөөр хүлээж байсан Абдул Халеем гэгчийн мэдээлснээр, дэлбэрэлт болохоос хэдхэн секундын өмнө мотоциклтой нэгэн хүн бөөн сонгогчдын дунд орохыг харсан гэжээ. Түүний ах нь дэлбэрэлтийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн байна.

“Чих дүлийрэм чанга чимээ гарсны дараа өтгөн утаа савсаж, тоос шороо манарч байсан бөгөөд шархадсан хүмүүсийн уйлалдахыг сонссон” гэж А.Халеем “Ассошиэтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг