Нүүр номоор хий дэмий хэсүүчилж явтал “Одгэрэл Б” гэсэн хаяг нүдэнд их л тод тусав. Би ч Одгэрэлийг харангуутаа л танилаа л даа. Найзын хүсэлт явуултал дорхноо найзаар нэмчихэв. Одгэрэл харин намайг таньсангүй. Хүүхэнд нүдгүй явсан хархүү юм уу, аль эсвэл би хүн тоогдохооргүй явсан юм уу. Онцгой найзын тоонд оруулж овоо додигор байсан чинь “Бид хоёр чинь танилууд бил үү” хэмээн өнөөх маань өөдөөс асуудаг байна шүү. Цаг хугацааны хувьд ярьвал одоогоос хориод жилийн өмнө ажил хэргийн шугамаар бид хоёр 2-3 удаа уулзаж байсныг эс тооцвол бие биенээ дотно таних улсын тоонд орохгүй нь л дээ. Би л танимхайрч. 

Тэрээр бага зэрэг инээвхийлжээ. Шингэн цайвар царайн дээр нүдний шил зүүсэн ч хуучин төрх янзаараа байна аа. Мөн өөр шигээ түнжин толгойтой, адууных шиг том том цагаан шүдээ яралзуулан инээсэн хөрслөг бор царайтай, нүд хөмсөг болсон залуу ламтай хамт авахуулсан зургаа “таних тэмдэг” болгоод оруулчихаж. Одгэрэл лам болчихож. Энэтхэгт суудаг гэнэ. Гэлэн сахилтай, үндэсний үзэлтэй, өв соёлоо дээдлэгч, Монголд олон шашин, нам хэрэггүй гэж боддог. Өрнийхэнд талгүй. Тогтсон орлогогүй. Шүлэг бол таньдаг. Иймэрхүү хүнтэй нөхөрлөх хэрэг байна уу хэмээн хаалт тавьсан юм шиг хэрнээ зарлалын самбар шиг нээлттэй, цахим орон зайд танилцах атлаа урт хол замд гангар гунгар хийж, бараа бараагаа харж, санал сэтгэгдэлээ хуваалцаж явах хэн нэгнийг хайж байгаа бололтой утга агуулгатайгаар өөрийгөө танилцуулсан зурвасыг нийтэд үлдээжээ.

Анх их сургуулийн ангийнхантайгаа уулзалдаж, тэдэнтэйгээ авахуулсан гэрэл зургаа олж үзэх гэж би гэдэг хүн нүүр номын бүтэн эрхэт гишүүн болж байв. Түүнээс хойш бөөн цөөн хүмүүст найзлах хүсэлт явуулж, авч, олон жил уулзаагүй гадаад дотоодод амьдарч буй андуудыгаа олж, хэсэгтээ л хөөрч бие биедээ татагдаж, хууч хөөрч цангасан сэтгэлээ тайлж явжээ. Гэтэл бодоод байх нь ээ, Одгэрэл шиг анх харсан цагаасаа намайг алмайруулж чадсан “friend”-тэй огт таарч байсангүй. Аваарын улаан гэрэл анивалзан тасралтгүй дуугардагтай адил тархинд “Одгэрэл лам болчихож” гэх гайхшрал алмайрал намайг бүр хэдэн өгүүлбэр хэлхэхэд хүргэв.

Амьдрал бол эрэл. Хүн хүний эрлийн зам мөр өөр өөр. Бурхан зүгээс өөрийгөө олсон хүн бишгүйдээ л байдаг. Миний танил хүүхэн гэхэд ганц хүүгээ хувраг болгохоор Энэтхэг рүү явуулж л байлаа. Ээжийнх нь санаа сэдэл байв уу, хүүгийнх нь хүсэл мөрөөдөл байв уу гэдгийг би сайн мэдэхгүй ч тэдний гэр бүлийнхний гаргасан шийдвэрт өнөөдрийнх шиг гайхаж хүлээж авсан нь үгүй. Хувраг хүүтэй болъё гэсэн эхийн нинжин сэтгэл, хүүгийн цуцашгүй мэрийлт харин ч намайг сүсэглэх хэмжээнд хүртэл хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм.

Одгэрэл бол хувилгаан зүгээс өөрийгөө олдог хүмүүсээс огт өөр хүн. Эр бяр, ухаан санаа ид жагсдаг насан дээрээ хүдэнтэй будантай хүний нутагт судар эргүүлж, хувраг суудлаа бөхөлж суугаа гэхэд санаанд багтамгүй. Уг нь Одгэрэл чинь сэтгэл зүрх нь нэг орчихвол гарч чаддаггүй сэтгүүл зүйн хүн юм шүү дээ. Манай зүгийн хүн юм. Зах зээл эхэлж улс амьтан гахай үүрч, ганзаганд явж байх тэр үед сонин гаргаж, сортоотой ажиллаж салбартаа битгий хэл, нийгмийг сэвж явсан нэгэн гэнэт л гонжоо тайлаад шар нөмрөг хэдрээд олны өмнө гараад ирсэн гэхээр санаанд минь яаж багтах вэ дээ. Тэгж ярьвал Одгэрэл чинь шүлэг, найргийн хөтөлгөөнд чамгүй өнгөлж явсан нэгэн билээ. 

Түүний тухай миний төсөөлөл бол сэтгүүл зүйгээс урвадаг юм аа гэхэд ном зохиол эргүүлэнгээ хэдэн нөхдийн хамт цэц булаалдсан шиг, арав таван бүтээл төрүүлчихээд аажуу уужуу зарж борлуулж амьдарч явах байсан юм шиг, яруу найрагт жинтэйхэн босго тогтоочихоод дуугүйхэн шиг тандсан шигээ харж суух байсан ч юм шиг. Алдар хүндийн төлөө амьтан хүнтэй алалцаж явахгүй ч арлаараа айлгасан, дөлүүлсэн, утга зохиол, соёл гэгээрэл, урлан бүтээхүйн салбарт өөрийн гэсэн орон зайтай явах юм шиг санаж явж.

Одгэрэл ер нь шөнийн тэнгэр адуу манаж, дээлэндээ шатаж, ааг омгоо бусдад гаргаж, барилдаж уралцаж явах имижгүй нөхөр л дөө. Бусдын өмнүүр орж ёс төр ярьж хий мэдэмхийрэх ч түүнд зохихгүй. Ийм имиж худлаа гэдэг нь илэрхий илт ч бас гэж зохиод байдаг хүмүүс мэр сэр байдаг л юм. Түүнд би их итгэжээ. Шүлэг найргийн тэнгэр дэх одоо бөхөөлгүй авч явна. Сэтгүүл зүйд тамгалсан олон сайхан бүтээл нь мэргэжлийнхний дунд домог болон яригдсаар байх болно. Сэтгэл сайтай зан төлөв нь олон сайхан залуус үлгэр дуурайл болно.  Монголын олон сайхан гэр бүлүүдийн нэгийг толгойлсон нурж унадаггүй тэргүүн байх болно. Нэр хүндийн уралдаанд араархан зогсовч үнэн илээрээ гараад ирдэг алдартан болсон байх болно. Албан тушаал, аль алалдах бүхний төлөө өөрийнхөө болоод улсын орныхоо үнэт зүйлсийг тээгч нэгэн байх болно. Дарга даамалд далдайж, налж ойчдоггүй монгол эр хүн байх болно гэж бодож явжээ. Төсөөлөлөөс минь огт өөр, шал ондоо Одгэрэлийг олж харахад алмайрам байлаа. Алмайрлаа барьж дийлэлгүй биччихлээ, уучлаарай намайг. Одоо би түүнийг буддагаас булаах ямар ч төлөвлөгөө гаргаад нэмэргүй гэдгээ сайн ойлгож байгаа хэдий ч алмайрсаар л. Бас дахин уучлаарай.

Би түүнээс “Хэзээ Монголдоо ирэх үү” гэж асуусан. Тэр “Удахгүй” гэж хариулсан байна билээ. Намайг танихгүй байгаадаа харамссан бололтой “Ххм” хэмээсэн харамссан өнгөтэй хариу үлдээсэн байна билээ. Ямар ч байсан бид уулзахаар тохиролцсон. Уулзалт харин хаана вэ, хэзээ вэ гэдэгт хариултгүй. Гэхдээ түүн шиг хүмүүс хэлсэндээ хүрдэг хүмүүс байдаг. Тэр бас уулзана л гэж бодчихсон яваагаас зайлахгүй. Бурханы шавьтай хаана уулзвал зохистой юм бол. Кофе шоф л уг нь уулзалтын хамгийн тохиромжтой газар шиг. Гэтэл лам хүнд тохирох газар мөн бил үү. Бас юу ярьж хэлэлцэх билээ. Нийгэм журамдаа уусан дасаагүй цагт нь, ”Чи чинь яагаад лам болчихов оо” гээд цүл пал хийтэл шалгааж өөрийгөө ч цаад хүнээ ч эвгүй байдалд оруулчих вий хэмээн болгоомжлох шиг. Маанийн таван үсгээс өөр уншлагагүй, зул мандаахаас өөр ид шидгүй над шиг шарын шашинтанд тэр хүнтэй уулзаж, явсан суусан газрын сонин сайхнаас эхлээд эгээрэл гэгээрлийн тухай ойлголтоо нэгэнтээ цэнэглэж авах шиг олзуурхууштай зүйл хаа байх вэ. Одгэрэлтэй би уулзана л гэчихсэн байгаа.