Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.доллар хүрчихлээ.Төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн хэдэн жил тасралтгүй өсөж байна. Гэвч нийгэм, эдийн засгийн үзүүлэлт хэвээрээ. 


Ажлын байрыг хамгаалахад чиглэсэн, бүтээмжийг дэмжсэн бодлого зохицуулалт дутагдсаар байна. Голдуу тооцоо судалгаа, дата дээр суурилсан бус сэтгэл хөөрлийн шинжтэй шийдвэрүүд зонхилж ирсэн гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг.

Энэ талаар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүдтэй “Улсын секторын санхүүгийн менежмент, шинэчлэл” сэдвээр уулзах үеэрээ онцлон хэллээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн суурь нь бүртгэл, дата байдаг. 

Тэрбээр төлөвлөлт дата дээр суурилдаг талаар “Дубай 3-хан сая хүн амтай боловч жилдээ 30 сая жуулчин хүлээж авдаг. Тэд датагаа харж жуулчид юунд мөнгө зарсан байна, түүнд нь хөрөнгө оруулалт түлхүү хийдэг. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Ганцхан жишээ гэхэд жил бүр яригддаг сургуулийн цэцэрлэгийн барилгын асуудлын дурдая. Уг нь энэ бол хамгийн хэрэгцээт газраа сургууль, цэцэрлэг барихыг урьдчилан төлөвлөх ажил. Шийдвэрийг аль нэг ашиг сонирхол бус хүүхдийн нас, хүн амын хөдөлгөөн зэрэг дата дээр суурилж гаргана гэсэн үг. Үүнийг цогц хэлбэрээр 10 жилээр л төлөвлөж болно. Гэтэл манайд ингэж дата дээр суурилсан шийдвэр гаргадаггүй учраас жил бүр л ярьдаг. Дата харахгүйгээр аль нэгэн УИХ-ын гишүүний тойрог, төсөвт санал оруулах эрхтэй нэгний үзэмжээр шийдэгддэг. Үүнээс болоод 2000 гаруй сургуулийн насны хүүхэд голдуу байдаг газар 1000 хүрэхгүй хүүхдийн багтаамж сургууль барьчихдаг эсрэгээрээ 200 хүүхэд л сургуульд хамрагдах газар 10 дахин том сургууль барьж байна шүү дээ. Улсын секторын санхүүгийн менежментийн тооцоо дата төлөвлөлт дээр явагддаггүй, эмх замбараагүй явж ирсний баталгаа нь энэ” гэв. 

Энэ тооцоо судалгааг хийдэг хүмүүс бол мэргэжлийн нягтлан бодогчид байдаг. Нягтлан бодогчдын тоо хэр олон байх нь эдийн засгийн үзүүлэлт сайн байхтай шууд хамааралтай учраас улс орон нь санхүүгийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг байнга нэмэгдүүлдэг, анхаарлаа хандуулдаг. Энэ хэрээрээ хөрөнгө оруулалтын үр ашиг, засгийн газрын худалдан авалт нь үр дүнтэй болдог байна.

Нэг сая хүн тутамд 500 нягтлан бодогч нэмэгдэхэд

✔Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5,073 ам.доллараар өссөн

✔ДНБ-ий хамааралтай салбарын хэмжээ 3,3 хувиар өссөн

✔Татварын хувь хэмээний төлбөр 7,4 хувиар буурсан

✔ДНБ-тэй хамааралтай гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 16 хувиар өссөн

Хэрэв 500 нягтлан бодогч нь IFAC-ийн гишүүнчлэлтэй байгууллагын гишүүн бол өсөлтийн хамаарал нь

✔Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 11,244 ам.доллараар өссөн

✔ДНБ-ий хамааралтай салбарын хэмжээ 4,2 хувиар өссөн

✔Татварын хувь хэмээний төлбөр 9,8 хувиар буурсан

✔ДНБ-тэй хамааралтай гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 34,3 хувиар өссөн


Иймээс олон улсад улсын секторын санхүүгийн менежмэнт гэсэн хөтөлбөртэй. Үүнийг мэргэжлийн байгууллагууд нь хийж явдаг тогтсон жишиг тогтсон байдаг.


Өндөр хөгжилтэй орнуудад ч энэ мэтийн төсвийн үр ашиггүй зарцуулалтын балгийг үүрч ирсэн жишээ цөөнгүй аж.

Тухайлбал Шинэ Зеланд 20 жилийн өмнө манай улс шиг их хэмжээний гадаад өртэй, эдийн засаг нь бүтээмж муутайд орж байсан бол өдгөө хамгийн бүтээмжтэй эдийн засагтай орнуудын тоонд багтаж байгааг тэрбээр дурдсан юм. Хэрвээ мэргэжлийн байгууллагуудаа хөгжүүлж, тухай байгууллагууд нь ч тогтвор суурьшилтай ажиллаад эхэлбэл манай улсын төсөв санхүүгийн байдал сайжирна гэлээ.

Энэ ажлыг мэдлэгтэй, туршлагатай, чадвартай санхүүгийн салбарын боловсон хүчин, мэргэжлийн байгууллага л хийнэ. Ийм боловсон хүчингүйгээр, тэдний гүйцэтгэх мэргэжлийн судалгаагүйгээр ямар ч засгийн газар, улс төрийн хүчин төрийн эрхэнд гарсан өөрчлөлтийг хийж чадахгүй эсвэл нэр төдий шинэчлэл хийсэн болоод дуусдаг жишээ бийг тэрбээр дурдлаа.


Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн хувьд нь нийгэмд үйлчилдэг, олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага. 1996 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Монгол улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартуудыг эх хэлнээ хөрвүүлэн нийтэд түгээх, салбарын мэргэжилтнүүдийг олон улсын мэргэжлийн түвшинд бэлтгэх, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж иржээ.


Тус институт 4800 орчим мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэй. Гишүүдийн 40 гаруй хувь нь улсын секторт ажилладаг. Мөн 139 аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол Улсын бүх аймаг дүүрэгт 30 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн томоохон байгууллага гэдгийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин дурдлаа.

Өдгөө төрийн байгууллагад хийх аудитын гуравны нэгийг тус институтын гишүүн байгууллага гүйцэтгэдэг байна.